Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Ш.Энхбат энэ сарын 8-14ний өдрүүдэд Австри улсад ажлын айлчлал хийлээ.

Тус айлчлал нь Нийслэлийн Засаг даргын Австри улсад 2014 оны 7 сард хийсэн айлчлалын үед яригдсан нийслэлийн эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх, орчин үеийн эмнэлэг байгуулах талаарх санаачлагыг ажил хэрэг болгоход чиглэсэн бөгөөд Австри улсын эрүүл мэндийн тогтолцоог судлах, анхан болон хоёрдох шатлалын эрүүл мэндийн байгууллага, нэгдсэн эмнэлэг, тусгай мэргэжлийн байгууллагуудын бүтэц, үйл ажиллагаа, Австри улсын нийгмийн даатгалын тогтолцоо, санхүүжилт болон хууль эрх зүй, эрүүл мэндийн байгууламжийн стандарт, зохион байгуулалттай танилцсан байна. 

Айлчлалын үеээр Австри улсын Эрүүл мэндийн байгууллагуудын удирдлага, Бартосек компанийн төлөөлөлтэй уулзаж, Улаанбаатар хотод Европын холбооны стандарт бүхий өрхийн эмнэлэг болон оношилгоо, шинжилгээний Эрүүл мэндийн нэгдмэл төв бий болсноор нийслэл хотын иргэд нэг цэгийн эрүүл мэндийн тусламж, шинжилгээ, оношилгоог цаг алдалгүй авах боломж бүрдэх бөгөөд  эрүүл мэндийн тусламж үйлчилгээний өртөг, зардлыг бууруулах, чирэгдэлгүй үйлчлэх нөхцлөөр хангагдах талаар ярилцаж “модул” эмнэлэг байгуулах төсөл  хэрэгжүүлэх санал дэмжигдсэн байна.