НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗРЫН ТӨРИЙН ЗАХИРГААНЫ АЛБАН

ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ДҮРМИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАХ,

ЁС ЗҮЙН ЗӨРЧЛИЙГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

 

1.1. Энэхүү журмын зорилго нь Нийслэлийн Эрүүл мэндийн газрын төрийн захиргааны албан хаагчийн баримтлах ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн тухай иргэн, хуулийн этгээд, төрийн албан хаагч /цаашид “Гомдол, мэдээлэл гаргагч” гэх/-ийн гомдол мэдээллийг холбогдох хууль тогтоомжийн дагуу хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

 

1.2.Нийслэлийн Эрүүл мэндийн газрын төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн хороо нь төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн тухай гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэхдээ Иргэдээс Төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хууль болон энэхүү журмыг баримтлна.

 

Хоёр. Байгууллагын ёс зүйн хороо

 

2.1. Нийслэлийн Эрүүл мэндийн газрын төрийн захиргааны албан хаагч нь Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн тухай гомдол, мэдээллийг хүлээн авч, түүний үндэслэлийг шалган тогтоож, дүгнэлт гаргах эрх бүхий байнгын орон тооны бус Ёс зүйн хороо ажиллана.

 

2.2. Ёс зүйн хороо нь дараах эрх, үүрэгтэй ажиллана. Үүнд:

 

2.2.1. Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн хэм, хэмжээг сахиулах, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагааг төлөвлөн зохион байгуулах;

 

2.2.2. Гомдол мэдээлэлд холбогдох төрийн захиргааны албан хаагч болон түүний харъяалах төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан, гомдол, мэдээлэл гаргагчтай уулзаж, тэдний тайлбар, саналыг сонсох, холбогдох нотолгоо, материал, баримт бичгийг шаардан авах;

 

2.2.3. Гомдол мэдээллийн нууцлалыг хадгалах, шаардлагатай гэж үзвэл, гомдол, мэдээлэл гаргагчийн аюулгүй байдлыг хангах арга хэмжэ авахуулахаар холбогдох байгууллагад хандах;

 

2.2.4. Гомдол, мэдээллийг шалгасан тухай дүнг хуралдаанаараа хэлэлцэж,  гишүүдийн олонхийн саналаар дүгнэлт гаргах бөгөөд энэхүү дүгнэлт нь аливаа албан тушаалтан, улс төрийн хүчний нөлөөлөлд автаагүй, нотлох баримтад үндэслэсэн байх;

 

2.2.5. Энэхүү журмын 1.2-т заасан гомдол, мэдээллээс гадна хэвлэл мэдээлэл, мэдээллийн хэрэгслийн мөрөөр, түүнчлэн өөрийн санаачлагаар болон байгууллагын удирдлагын шийдвэрээр ёс зүйн зөрчлийг шалган тогтоож, дүгнэлт гаргах;

 

 

 

 

2.2.6. Ёс зүйн хороо нь Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн зөрчлийн тухай мэдээг улирал тутам гаргаж, тухайн улиралын дараа сарын 10-ны дотор Төрийн албаны зөвлөлийн ёс зүйн хороонд хүргүүлнэ.

 

Гурав. Гомдол, мэдээллийн харъяалал

 

3.1. Нийслэлийн Эрүүл мэндийн газрын төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн хороо нь тус байгууллагын төрийн захиргааны албан хаагчидтай холбоотой ёс зүй зөрчсөн тухай гомдол, мэдээллийг хүлээн авч хянан шийдвэрлэнэ.

 

Дөрөв. Ёс зүйн хорооны дүгнэлтийг хэлэлцэх

 

4.1. Ёс зүйн хороо дүгнэлтээ ёс зүйн хороо томилсон эрх бүхий байгууллага, албан тушаалтанд танилцуулна.

 

4.2. Ёс зүйн хороог томилсон эрх бүхий  байгууллага, албан тушаалтан нь Ёс хорооны дүгнэлтийг хянаж үзээд, дараах үндэслэлээр дахин шалгуулахаар Ёс зүйн хороонд буцаах шийдвэр гаргаж болно. Үүнд:

 

4.2.1. Ёс зүйн зөрчил гаргасны нотолгоо, баримт бичгийн бүрдэл хангагдаагүй;

 

4.2.2. Холбогдох нотолгоо, баримт бичиг, материалыг шалгаагүй буюу хангалтгүй шалгасан.

 

Тав. Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага

 

5.1. Ёс зүйн хорооны дүгнэлтийг үндэслэн томилох эрх бүхий албан тушаалтан тухайн төрийн захиргааны албан хаагчид Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасан сахилгын шийтгэлийн аль нэгийг ноогдуулах тухай шийдвэр гаргана.

 

5.2. Ёс зүйн зөрчил нь  гэмт хэргийн  болон авлигын шинжтэй бол харъяалалын дагуу шалгуулахаар холбогдох байгууллагад шилжүүлнэ.

 

5.3. Төрийн захиргааны албан хаагч нь эрх бүхий албан тушаалтны сахилгын шийтгэл ноогдуулсан шийдвэрийг эс хүлээн зөвшөөрвөл шүүхэд гомдлоо гаргаж болно.