Урин дулааны цаг ирж уул уурхай, түлш эрчим хүч, барилга-барилгын материалын үйлдвэрүүдийн үйл ажиллагаа эрчимжиж тоос, тоосонцорыг гадаад болон дотоод орчиндоо тархаадаг.Тоос гэдэг нь агаарт удаан хугацаагаар чөлөөтэй хөвмөл, манан, утаа байдлаар байх чадвартай, хатуу жижиг хэсгүүд юм. Ихэнх төрлийн тоос харьцангуй хор хөнөөл багатай байдаг хэдий ч зарим тоос амьсгалын замыг цочроох үйлчилгээ үзүүлдэг. Амьсгалын замаар нэвтэрсэн тоосны зарим нь хамрын хөндийн залгиурт шүүгдэж, үлдсэн  нь  цагаан мөгөөрс, гуурсан хоолой, уушгинд нэвтэрдэг. Эдгээр тоос нь  амьсгалын замын эрхтэний эд, эсийг гэмтээж, хорт хавдар, гуурсан хоолойн үрэвсэл, багтраа, уушгины бусад өвчний шалтгаан болдог.

Тоосны ширхэг гэж юу вэ?

Тоосны ширхэгийн хэмжээг микрометр [мкм] нэгжээр хэмждэг. Жишээлбэл: Хүний үсний диаметр дунджаар 50-70 мкм  байдаг бол голын эрэгний элсний ширхэг 90 мкм орчим диаметртэй байдаг. 1000 мкм нь 1 миллиметртэй тэнцдэг.

Тоосонцрын эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө:

Хүний биед агаараас орсон тоос, мананцар, уур, давирхайлаг бодисын том ширхэгтэй нь  (РМ˃10 мкм )эхлээд амьсгалын дээд замын эрхтэн хамар, төвөнх, цагаан мөгөөрсөн хоолойн хэсэгт баригдан цэр, нустай хамт гадагш гаргадаг. Хүний бие нь нарийн ширхэгтэй (РМ >5 мкм) тоосыг зайлуулах хангалттай механизм байхгүй учраас маш аюултай. Ийм тоосоор амьсгалах тохиолдолд зүрхний шигдээс өвчнөөр өвчлөх, зүрхэнд хортойгоор нөлөөлж, зүрхний цохилт өөрчлөгдөх, зүрхний  дутагдалд орж, улмаар зүрх зогсох аюултай. Багтраа, уушиг, зүрх судасны өвчтэй, ханиад томуугаар өвчилсөн, ялангуяа өсвөр насны хүүхдүүдийн хувьд их аюултай.

Тоос үүсгэх эх үүсвэрүүд:

•  Дулааны цахилгаан станцууд

Халаалтын зуухнууд / Нүүрсний шаталтаас гарч байгаа хий нь хүйтэн орчны агаартай холилдон тоосонцор болдог ба ширхэглэг нь бүрэн шаталтын хэмжээнээс  болон шууд хамаардаг/

•  Мод, нүүрс түлэх

•  Авто тээврийн хэрэгслүүд

•  Хучилтгүй зам, сул хөрс шороо

•  Ой хээрийн түймэр

•  Баригдаж буй барилга, байгууламжууд

•  Элс, хайрганы орд газрууд

•  Тоосго, цемент, блокны үйлдвэрүүд

 Тоосны нөлөөнд өртсөнөө хэрхэн мэдэх вэ?

 Нүд үрэвсэх, хамар битүүрэх, хоолой сэрвэгнэх, ханиалгах, амьсгал давчдах зэрэг нь тоосны нөлөөнд өртсөний нэг шинж тэмдэг юм.

Сэргийлэх арга:

-   Өрөөний агааржилтийг сайжруулан салхивчийг онгойлгож байх


- Цахилгаан агаар шүүгчээр тогтмол цэвэршүүлж байх (агаарыг 99% хүртэл цэвэршүүлдэг)


-  Орон гэр болон ажлын байрыг шүүлтүүр сайтай тоос сорогчоор тогтмол сайтах цэвэрлэх


-  Орны хэрэглэл, гудас, матрасс зэргийг өвлийн хүйтэн агаарт гадаа гарган гүвж, саваадан цэвэрлэх


-  Унтлагын өрөөнөөс хивс, хивсэнцэрийг гаргаж тогтмол цэвэрлэгээ хийж байх

-. Гэртээ цэцэг таридаг бол цэцгийн навчин дээр хуримтлагдсан тоосонцорыг өдөр бүр, амжихгүй бол өнжөөд нэг бүлээн, чийглэг даавуугаар арчиж цэвэрлэх хэрэгтэй.

 

-  Өдөржин гадуур явах үед гадны тоос шороо үсэнд “наалдсан” байдаг учраас орой унтахаасаа өмнө үсээ шүршүүрийн бүлээн усаар угаах

- Нэг га талбайд мод сөөг, зүлэг тарихад 18 сая м3 агаар дах утаа тортгийн 35.5  хувийг шингээж, агаарт дэгдсэн тоос, шорооны 64.5 хувийг намжаах, дуу, шуугианы 26 хувийг замхруулж, нарны хурц төөнөлтийн 10-15 дахин багасгаж, аагим халуун, цочир хүйтрэлийг 2-3 градусаар бууруулах нөлөөтэй. 

 

Иймээс иргэн, аж ахуйн нэгжүүд эзэмшилд авсан газрынхаа 10 хувиас доошгүйг талбайд ногоон байгууламжтай байхыг зөвлөж байна.