Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан 2017 онд шинэчлэн батлагдсан өрхийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд баримтлах тушаал, шийдвэрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор Нийслэлийн Эрүүл мэндийн газраас2018 оныг “Өрхийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг дэмжих жил” болгон зарласан.

  Энэхүү жилийн хүрээнд Нийслэлийн хүн амд үзүүлэх өрхийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн, дэлхийн жишигт хүргэн хөгжүүлэх зорилгоор зохион байгуулсан “Нийслэлийн өрхийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага” сэдэвт Зөвлөгөөнд оролцогсдоос дараах зөвлөмжийг гаргалаа.

 

ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМНЫ ТҮВШИНД

1. Эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагаас гаргасан нотолгоо судалгаа, өрхийн эрүүл мэндийн төвийн үзүүлж буй тусламж, үйлчилгээ, гарч буй бодит зардалд үндэслэн санхүүжилтийн нэг иргэнд ногдох тарифын хэмжээг нэмэгдүүлэх, олон эх үүсвэртэй болгох,

2.     Өрхийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд ашиглаж буй цахим програмуудыг нэгтгэн нэгдсэн программтай болох,

3.     Эрүүл мэндийг дэмжих сангаас олгох төсвийг шууд ӨЭМТ-ийн дансанд шилжүүлдэг болох.

4.     Өрхийн эрүүл мэндийн төвөөр үйлчлүүлж байгаа түр оршин суугчдын зардлыг нэмж тооцон төсөвт суулгах,

5.     Өрхийн эрүүл мэндийн төвд стандартын дагуу хүний нөөцийг бүрдүүлэх, чадварлаг, туршлагатай эмчийг тогтвортой ажиллуулах боломжийг бий болгох, өрхийн эмч, сувилагч нарыг мэргэшүүлэн сургах, хөгжүүлэхэд бодлогоор дэмжлэг үзүүлэх,

6.     Өрхийн эмч, мэргэжилтнүүдийг гадаадад туршлага судлуулах сургалтуудад хамруулах,

7.     Өрхийн эрүүл мэндийн төвд ажиллах эрүүл мэндийн нийгмийн ажилтны ажлын байрны тодорхойлолтыг батлах.

 

 

Нийслэлийн ТҮВШИНД

 1.   ӨЭМТ-ийн гүйцэтгэлийн гэрээнд оролцогч талуудын гэрээний биелэлт, үр дүнг тооцох, дүгнэлт хийх, иргэдийн оролцоог нэмэгдүүлэн, мэргэжил арга зүй, дэмжлэгт удирдлагаар ханган ажиллах,

2.     Шинэчлэн батлагдсан эрх зүйн баримтын хүрээнд өрх, тосгоны эрүүл мэндийн төвийн бүтэц, зохион байгуулалтыг оновчтой болгоход анхаарч ажиллах,

3.     Өрхийн эрүүл мэндийн төвийн ажиллах орчныг сайжруулж байр, унаа, багаж, тоног төхөөрөмжөөр хангах асуудлыг шат дараатай шийдвэрлүүлэх, байрны засварын асуудапд дэмжлэг үзүүлэх,

4.     Өрхийн эрүүл мэндийн төвөөр үзүүлэх тусламж, үйлчилгээг өргөжүүлэх, иргэдэд чирэгдэлгүй, чанартай хүргэхэд тавих хяналтыг сайжруулах, дэмжин туслах, сурталчилах,  

5.     Өрхийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээнд түлхүү чиглүүлэх,

6.     Иргэдийн шилжилт хөдөлгөөн, түр оршин суугчдыг бүртгэх бүртгэлийн асуудлыг холбогдох байгууллагуудтай хамтран шийдвэрлэж, өрхийн эрүүл мэндийн төвөөр тусламж, үйлчилгээ авах эрх зүйн орчныг бий болгох.

 

 

Дүүргийн түвшинд

 1.   НЗД-ын захирамж, нэгдсэн удирдлагын дагуу ӨЭМТ-ийн гүйцэтгэлийн гэрээг хугацаанд нь байгуулж, гэрээнд оролцогч талууд эрх, үүргээ харилцан биелүүлэх, гэрээний үр дүнг тооцон, дэмжлэгт удирдлагаар хангах, хариуцлага сахилгыг сайжруулан ажиллах,

2.     Өрхийн эрүүл мэндийн төвийн ажиллах орчныг сайжруулж байр, багаж, тоног төхөөрөмжөөр шат дараатай хангахад анхааран ажиллах,

3.     Цогцолбор байранд үйл ажиллагаа явуулж буй өрхийн эрүүл мэндийн төвүүдийн өрөө, тасалгааг барилгын зурагт тусгасны дагуу бүрэн олгож, байрны засварын асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлж, стандарт шаардлага, эрүүл ахуйн халдвар хамгааллын дэглэмийг баримтлан ажиллах,

4.     ӨЭМТ-ийн байрны тогтмол зардлыг дүүргээс 100% хариуцах,

5.     ӨЭМТ-ийг мэргэжлийн удирдлага, арга зүйгээр ханган, ажлын байран дахь сургалтыг зохион байгуулж, нийслэлийн бодлогыг хэрэгжүүлэн, дүүргийн хэмжээнд зангидан, үнэлгээ дүгнэлт хийн ажиллах,

6.     Өрхийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, төвийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчилах,  

7.     Иргэдийн шилжилт хөдөлгөөн, түр оршин суугчдыг бүртгэх бүртгэлийн асуудлыг дүүргийн түвшинд шийдвэрлэж, өрхийн эрүүл мэндийн төвөөр тусламж, үйлчилгээ авах нөхцлийг бүрдүүлэх.

 

 

ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ТҮВШИНД

 1.    Байгууллагаа хөгжүүлэх, багаар ажиллах удирдлагын арга барилыг нэвтрүүлж, шинэчлэн батлагдсан эрх зүйн баримтуудыг уншиж, судлан дэлхийн бусад орны хөгжлийн жишигт хүрэх зорилго тавьж ажиллах,

2.     Үйлчлүүлэгчийг дээдэлсэн, тэдний эрхийг хүндэтгэсэн, ээлтэй орчин бүрдүүлж, харьцаа хандлага, зөвлөгөө өгөх ур чадварт шинэ дэвшил гарган  ажиллах,

3.     Хүний нөөцийг тогтвортой ажиллах нөхцлийг бүрдүүлэн, мэдлэг, ур чадварыг нь сайжруулахад анхааран ажиллах, шинэ техник, технологи, арга аргачлалыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх,

4.     Ажиллах орчин нөхцөл, өмчийн ашиглалт, хадгалалт, хамгаалалтыг сайжруулахад санаачлагатай ажиллах,

5.     Өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, эрт илрүүлгийг өргөнөөр зохион байгуулах зэрэгт үйл ажиллагаагаа түлхүү чиглүүлэн, нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээг өргөжүүлэх,

6.     Бүртгүүлсэн иргэдийг эрүүл мэндийн бүлгээр үнэн зөв ангилан, бүлэг бүрт чиглэсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд “Хэнийг ч орхигдуулахгүй байх” зарчмыг баримтлан, үр дүнг тооцон ажиллах,

7.     Өрхийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, төвийнхөө үйл ажиллагааг олон нийтэд сурталчилах.  

 

Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбоонд

 1.    Өрхийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд нийслэлээс баримталж буй бодлогыг дэмжин, үйл ажиллагаагаа уялдуулан, хамтран ажиллах,

2.     Өрхийн эрүүл мэндийн төв, эмч мэргэжилтнүүдийн нэр хүндийг өсгөх, төвийн үйл ажиллагааг сурталчлах, олон нийтэд хандсан бүтээлч ажлуудыг хамтран зохион байгуулах,

3.     Өрхийн эмч, мэргэжилтнүүдийг чадавхижуулах, давтан сургалтыг зохион байгуулах.

 

ИРГЭД, ОЛОН НИЙТ, ХАМТ ОЛНЫ ТҮВШИНД

 1. Эрүүл мэндээ хамгаалах, эрүүл мэндийн боловсрол эзэмших, эрүүл амьдралын хэв маяг, зөв дадалд суралцах талаар иргэд, хамт олон өөрсдөө идэвх санаачлагатай байж, өрхийн эрүүл мэндийн төвөөс зохион байгуулж буй эрт илрүүлгийн үйл ажиллагаа, урьдчилан сэргийлэх арга хэмжээнд идэвхтэй оролцох,

2.     Эрүүл, аюулгүй орчинд амьдарч, ажиллах нөхцлийг бүрдүүлэхэд иргэн бүр үүргээ биелүүлэн, өрхийн бүртгэл, судалгаандаа зохих журам, дүрмийн дагуу хамрагдан, орчноо цэвэр байлгахад айл, өрх, хамт олон бүр идэвх, санаачлагатай хамтарч  ажиллах.

 

 2018оны 06дугаар сарын 15   Улаанбаатар хот

 

Сайн үйлс дэлгэрэх болтугай.

 

 ЗӨВЛӨГӨӨНД ОРОЛЦОГСОД