“Эрүүл хотуудын түншлэл”санаачлагын хүрээнд хэрэгжиж буй “Хамгаалах бүс, хамгаалах малгайн хэрэглээг хэвшүүлснээр зам, тээврийн аюулгүй байдлыг сайжруулах” төслийн нээлт өнөөдөр боллоо.

           

            Энэхүү төслийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд дэмжин ажиллаж байгаа төдийгүй нийслэл хотын иргэдийн халдварт бус өвчин, осол гэмтлийг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа чухал санал санаачлага юм. 

Төслийн нээлтийн үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, ЦЕГ-ын ЗЦА-ны дарга хурандаа Д.Амарсайхан болон Авто машин мото спорт сонирхогчдын холбоо, “Замын аюулгүй байдлын үндэсний төв” ТББ, НЭМГ-ын харьяа дүүргийн эрүүл мэндийн төвүүд,замын цагдаагийн албан хаагчдийнтөлөөлөл оролцлоо.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Халдварт бус өвчний Дэлхийн элч, Нью-Йорк хотын Засаг дарга асан Майкл Блүүмбергийн санаачлагаар эхэлсэн “Эрүүл хотуудын түншлэл”-д дэлхийн 50 гаруй хотууд 2017 оны тавдугаар  сард элсэн орсон байна. Энэ санаачилгад нэгдсэн нэг хот нь Улаанбаатар юм.

Манай улсад сүүлийн 10 жилийн байдлаар зам тээврийн осол 6.6 дахин өссөн бөгөөд нийт хүлээн авсан дуудлагын 94.4 хувь нь нийслэлд, 5.6 хувь нь орон нутагт бүртгэгдсэн гэсэн албан ёсны мэдээлэл байдаг. Дээрх өсөлтийг энгийн арифметик тооцооллын аргаар бодож үзэхэд, 2020 он хүртэл зам тээврийн ослын дуудлага, мэдээлэл 2015 оноос 3,9 дахин, бүртгэгдсэн зам тээврийн осол 3 дахин өсөх магадлалтай байна. Төслийн хүрээнд хийсэн судалгаагаар зам тээврийн хөдөлгөөнд оролцож байгаа жолооч 93.8, жолоочийн хажуугийн суудалд суудаг зорчигчийн 73 хувь нь хамгаалах бүсээ бүсэлдэг бол,тээврийн хэрэгслийн арын суудалд суудаг зорчигчийн 82-87 хувь нь бүс бүсэлдэггүй гэсэн судалгаа гарчээ. 

2017 оны байдлаар зам тээврийн осолд өртөгсдийн 76 хувь нь хамгаалах бүс хэрэглэсэн, 4 хувь нь хэрэглэсэн эсэх тодорхойгүй амь насаа алдсан, 20 хувь нь суудлын бүс хэрэглээгүй байсан байна. Мөн өнгөрсөн онд 55 хүүхэд осолд өртөж амь насаа алдсанаас 47 хүүхэд суудлын бүс хэрэглээгүй, эцэг эх асран хамгаалагчтай цуг авто машинд зорчиж яваад орон нутгийн замд амиа алдсан байнаТиймээс зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, хамгаалах бүсийг хэрэглэж хэвшүүлэх нь энэхүү төслийн гол зорилго юм.

Улаанбаатар хотын хувьд Блүүмберг Филантропи болон түүний хэрэгжүүлэгч Витал Стратежис байгууллагатай хамтран иргэдийн эрүүл мэнд, амь насыг зам тээврийн осол гэмтлийн эрсдлээс хамгаалах, тэдний амьдарч, ажиллаж, чөлөөт цагаа өнгөрүүлдэг орчинг сайжруулахад үр дүнтэй гэдэг нь нотлогдсон шийдлүүдийг нэвтрүүлэх чиглэлээр цаашдаа ажиллах юм.

Төслийн эхний шатанд судалгаа хийхээс гадна 1 сарын хугацаатай үргэлжлэх сурталчилгааны аяныг зохион байгуулна. Энэ ажлын хүрээнд хэвлэл мэдээллийн хэрэгслээр хамгаалах бүсийг хэрэглээнд хэвшүүлэх зорилгоор иргэдэд мэдээлэл түгээж, хамгаалах бүсний ач холбогдлыг сурталчлан таниулах юм. 

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР