Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтны ээлжит шуурхай хурал өнөөдөр Амгалан амаржих газарт боллоо. Хурлын хүрээнд НЭМГ-аас зохион байгуулж буй томоохон ажлуудын талаар холбогдох хэлтсийн дарга нар танилцуулж, явцын үнэлгээ болон ажлын тайлан зэрэг бусад асуудлаар мэдээлэл хүргэсэн юм.

 

Мөн эмнэлгийн тусламж, үйлчилгээний тал дээр тулгамдаж буй асуудлууд, авах арга хэмжээний тухай хэлэлцсэн бөгөөд харьяа эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудын зүгээс санал бодлоо хуваалцлаа. Энэ удаагийн хурлаар дамжуулж НЭМГ-ын Статистик мэдээллийн хэлтсийн дарга С.Ариунтуяа нийслэлийн хүн амын 2017 оны эрүүл мэндийн найман бүлэг бүхий үндсэн үзүүлэлтийг багтаасан “Эрүүл мэндийн үзүүлэлт” номоо танилцуулж, эмнэлгийн удирдлагуудад тараасан юм.

Ээлжит шуурхай хурлын дараа НЭМГ-ын орлогч дарга Л.Зэндмаа болон харьяа эрүүл мэндийн байгууллагын зарим дарга нар, албаны бусад хүмүүс Амгалан амаржих газрын үйл ажиллагаатай танилцлаа. Тус амаржих газрын дарга Ц.Батболд эмнэлгийн тасаг нэгжийн бүтэц зохион байгуулалт, эх, нярайд үзүүлж буй тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж, мөн эмэгтэйчүүдийн дурангийн хагалгаа, нэгдсэн лаборатори зэрэг олон талын ажлуудаа танилцуулж, өнөөгийн нөхцөл байдал хийгээд тулгамдаж буй асуудлын талаар мэдээлэл өгсөн юм.

    

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР