Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтны ээлжит шуурхай хурал өнөөдөр боллоо. Энэ удаагийн ээлжит хурлаар дамжуулан НЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр 2017 оны эмийн тендерийн гүйцэтгэл, эмийн захиалгатай харьцуулан дүгнэлт хийж ажиллах тухай мэдээлэл өглөө.

Мөн НЭМГ-ын А/50 дугаар тушаалаар “Эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлье” болзолт уралдааныг 2018 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 09 дүгээр сарын 15-ны өдөр зохион байгуулах, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын 1-5 дугаар ангийн багш нарт амны хөндийн эрүүл мэндийн боловсрол олгох, тэднээр дамжуулан эцэг эхчүүдэд мэдээлэл зөвлөмж хүргэх ажилд дэмжлэг үзүүлэх, эрүүлжүүлэх ажлыг зохион байгуулах талаар харьяа байгууллагын удирдлагуудад танилцуулсан.

Хурлын хүрээнд Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа энтеровирүсийн халдвар, хачигт халдварын талаар цаг үеийн мэдээлэл хүргэж, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх сургалт  сурталчилгааны ажлыг эрчимжүүлэхийг санууллаа.

  

НЭМГ-ын Статистик, мэдээллийн хэлтсийн дарга С.Ариунтуяа ӨЭМТ-д ашиглагдаж буй E-Health цахим програм хангамжийн сургалтыг хуваарийн дагуу зохион байгуулах болсон, мөн Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга З.Отгонбаяр 2017 оны Санхүүгийн тайлангийн аудитын талаар танилцуулсан юм.

Түүнчлэн Захиргаа, төлөвлөлт, хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Г.Баянжаргал 2018 оны 01 дүгээр улирлын өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн тухай мэдээлэл өгч, 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн харьяа эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтны ээлжит шуурхай хурлаас өгсөн үүрэг, даалгаврыг ирүүлсэн тухай танилцуулсан байна.

Хурлын төгсгөлд НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар цаашид авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн томоохон ажлуудын үйл явц, хэрэгжилтийн байдалд анхаарч ажиллахын сацуу сүрьеэгийн эрт илрүүлэг, оношилгоог нэмэгдүүлж, эмчилгээний үр дүнг сайжруулахад анхаарч ажиллахыг даалгалаа. Тухайлбал, сүрьеэгийн эрт илрүүлэг, оношилгоог нэмэгдүүлж, эмчилгээний үр дүнг сайжруулах үйл ажиллагаанд шийдвэр гаргагч нар, байгууллага, олон нийт, хувь хүний манлайлал, оролцоо, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор “Сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэхэд салбар дундын оролцоог нэмэгдүүлье” аяныг 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс 10 дугаар сарын 16-ны өдрийн хооронд зохион байгуулахаар болсон юм.

 

 

Энэ чиглэлээр дүүргийн эрүүл мэндийн төвүүд, дүүргийн ЗДТГ-тай нягт уялдаа холбоотой ажиллаж, сүрьеэгийн идэвхтэй эрт илрүүлгийг чанарын өндөр түвшинд зохион байгуулж, иргэд олон нийтэд сүрьеэгийн өвчлөлөөс сэргийлэх, үзлэг шинжилгээнд хамрагдах ач холбогдлыг таниулах ажлыг эрчимжүүлэхээр боллоо.

 НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР