Нийслэлийн хэмжээнд энэ сарын 1-ээс эхлэн уушгины хатгалгаа буюу пневмококкийн эсрэг 13 цент вакцинаар 2 сартай хүүхдүүдийг товлолын дагуу дархлаажуулж эхэлсэн билээ. Энэхүү ажлын үйл явцтай газар дээр нь танилцахаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар, ЭМЯ-ны Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл нар танилцахаар өнөөдөр нийслэлийн  Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийн Дархлаажуулалтын тасагт ажиллалаа.

  

Тус дүүргийн хэмжээнд өдөрт 20-25 хүүхдэд вакцин хийдэг бөгөөд нийт 150 хүүхэд хамрагдах ёстой юм байна. Дархлаажуулалт явц 40 хувьтай үргэлжилж буй төдийгүй 94 хувьд хүрчээ. Эхний тунг 2 сартай, хоёр дахь тунг 4 сартай, гурав дахь тунг 9 сартай хүүхдэд тус, тус хийх юм.

Энэ үер Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Энэ онд 38 мянган хүүхдийг гурван удаагийн тунгаар дархлаажуулахад шаардлагатай 110 мянган хүн/тун вакциныг НҮБ-ын Хүүхдийн санд захиалж, 35 мянган хүн/тунг хүлээж авсан бөгөөд үлдсэн 75 мянган хүн/тун вакциныг хоёрдугаар улиралд багтаан авна. Вакцины зах зээлийн үнэ нэг хүн/тун нь 13-15 ам.доллар байдаг. Харин НҮБ-ын Хүүхдийн сангийн хөнгөлөлттэй үнэ болох 3,5 ам.доллараар  худалдан авч байна гэлээ.

Уг вакцины гурван тунг бүрэн авсан хүүхдэд пневмококкоор үүсгэгдсэн уушгины хатгаа өвчний эсрэг 10-15 жилийн дархлаа тогтох юм байна. Тиймээс эцэг эхчүүд харьяа Өрхийн эмнэлэгтээ хандаж, товлолын дагуу хүүхдүүдээ вакцинд хамруулах бүрэн боломжтой юм.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР