Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ), Сэргээн засах үндэсний төв хамтран  2017 оны 10 дугаар сарын 03-05-ны өдрүүдэд зохион байгуулсан “Нугасны гэмтлийн үеийн сэргээн засахын багийн тусламж, үйлчилгээг сайжруулах нь сэдэвт сургалтанд харьяа эрүүл мэндийн байгууллагын сэргээн засах эмчилгээний 15 эмч, 7 сувилагч, 12 хөдөлгөөн засалч, өрхийн эрүүл мэндийн төвийн 40 сувилагч, нийт 74 эмч, мэргэжилтэн хамрагдлаа.

 

Тус сургалтыг ДЭМБ-ын урилгаар ирсэн Нуруу нугасны гэмтлийн олон улсын нийгэмлэгийн ерөнхийлөгч Jean-Jaque Wyndaele, Дани улсын Төв эмнэлгийн мэдрэл судлал, мэдрэлийн мэс заслын тасгийн хөдөлгөөн засалч Susanne Nielsen, Англи улсын Дорсет хотын Сувилагчийн коллежын Нугасны гэмтлийн амьдрах чадварыг хөгжүүлэх төвийн менежер Fiona Stephenson, АНУ-ын Рачэстэр Миннесотын Mayo клиникийн коллежийн эмч Ronald ReevesАНУ-ын Востоны их сургуулийн нэгдсэн эмнэлгийн сэргээн засах анагаахын профессор Stanley Ducharme зэрэг эрдэмтэн, профессорууд удирдан зохион байгуулсан ба нийслэлийн хэмжээнд 74 Үндэсний сургагч багшийг  бэлтгэлээ.

Сургалтаар нугасны гэмтэлтэй өвчтнийг хэрхэн оношлохоос эхлэн эдгээр хүмүүст тусламж, үйлчилгээг хэрхэн үзүүлэх, бие даан шинэ амьдралд суралцах талаар зөвлөгөөг өгөх арга зүйд сурган, чадваржууллаа. Тухайлбал: Нугасны гэмтэлтэй өвчтнийг мэдрэхүй, хөдөлгөөний алдагдлаар нь нугасны гэмтлийн түвшинг оношлох; мэдрэлжүүлэлтийн эмгэгтэй давсаг, гэдэсний эмчилгээний менежментийг хийх аргыг зааж,  өвчтнийг хэрхэн тээвэрлэх, байрлалыг солих, катетр зөв хэрэглэж сургах, арьсны цоорлоос урьдчилан сэргийлэх, цоорлыг зөв эмчлэх; өвчтөнд бэлгийн амьдрал, нөхөн үржихүйн асуудалд зөвлөгөө өгөх;  хөдөлгөөний мэдрэхүй хэвээр үлдсэн булчинг ашиглаж бие дааж амьдрах аргад суралцуулах; тэргэнцэр, таяг, туслах хэрэгсэл, бэхэлгээ, чигийг зөв хэрэглэж зогсох, алхах; сандлаас, орноос тэргэнцэр рүү шилжих хөдөлгөөнийг хийж сургах зэрэг олон сэдвийн хүрээнд сургалт явагдсан. Ялангуяа өрхийн эрүүл мэндийн төвийн сувилагч нар нугасны гэмтэлтэй хүний артерийн даралт огцом нэмэгддэг автомат дисрефлексийн хам шинжийн үед авах арга хэмжээг суралцсанаар анхан шатны яаралтай тусламжийг зөв үзүүлж, өвчтний амь насыг аврах мэдлэг, чадварыг эзэмшлээ. 

Цаашид Нийслэлийн Эрүүл мэндийн газар, ДЭМБ-аас эдгээр бэлтгэгдсэн үндэсний сургагч багш нараар дамжуулан харьяа эрүүл мэндийн байгууллагын эмч, сувилагч нарт уг сургалтыг 2018 онд зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.