Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар өнөөдөр харьяа эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтнуудтай уулзаж, цаг үеийн асуудлаар мэдээлэл солилцлоо.

Энэ хүрээнд НЭМГ-ын Санхүү хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга, Статистикийн хэлтсийн дарга нар холбогдох мэдээлэл, танилцуулгыг эмнэлгийн удирдлагуудад хүргэж, зохион байгуулсан ажлуудын үр дүнгийн талаар хэлэлцсэн юм.

 

Мөн сүүлийн үед нэмэгдэх хандлагатай байгаа Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх олон нийтэд зориулсан мэдээлэл сурталчилгааны ажлаа эрчимжүүлж,  эмнэлгийн тусламж, үйлчилгээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар мэдээлэл хүргэж, цаашид хийх ажлынхаа чиг үүргийг өгсөн юм.

Шуурхай хурлаар дамжуулан Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа  Эрүүл мэндийг дээдлэгч байгууллага, эрүүл мэндээ дэмжигч өрх, иргэн шалгаруулалтын явц, Сонгинохайрхан, Сүхбаатар, Баянзүрх дүүрэгт 02 сараас 02 настай хүүхдэд хийгдэж байгаа Пневмококкийн эсрэг вакцины хамралтын талаар танилцуулсан. Түүнчлэн Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул, Налайх, Багануур дүүргийн эрүүл мэндийн төвд хийгдэж байгаа хорт хавдрын өдрийн хими эмчилгээний явцын тухай мэдээлэл хүргэлээ.

Хурлын үеэр 2017 оны эхний 09 сарын байдлаар хүн амын төрөлт, нас баралт, эмнэлгийн тусламж, үйлчилгээний талаархи мэдээлэлтэй холбогдуулж Эхийн эндэгдлийн комиссын хурлаас гарсан зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх талаар НЭМГ-ын удирдлагууд харьяа байгууллагын дарга нарт сануулсан юм.

 НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР