Нийслэлийн 378 жилийн ойн өдрийг угтан Нийслэлийн эрүүл мэндийн газар (НЭМГ)-аас тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор “Сайн туршлага дэлгэрүүлэх” өдөрлөгийг энэ сарын 5-ны өдөр зохион байгууллаа. Тус өдөрлөгт НЭМГ-ын харьяа 24 байгууллага 148 сайн туршлагыг танилцуулсан юм.

Өдөрлөгт нийслэл төдийгүй ЭМЯ-ны харьяа улсын хэмжээний үйлчилгээтэй төрөлжсөн эмнэлэг, үндэсний төв, мөн хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын нийт 500 гаруй ажилтан оролцож, өөрийн туршлагыг сурталчилж, бусдын тэргүүн туршлагатай танилцлаа.

 

Өдөрлөгт оролцсон эрүүл мэндийн ажилтнууд энэ үеэр томоохон хэмжээний, цогц оношилгоо, эмчилгээний технологи төдийгүй өдөр тутмын тусламж, үйлчилгээнд хэрэгжүүлэх энгийн боловч маш өндөр ач холбогдолтой арга аргачлал олон байгааг онцолж байлаа. 

Хөндлөнгийн буюу Эрүүл мэндийн чанарын холбооны гишүүд оролцсон ажлын хэсэг ч ач холбогдол ихтэй сайн туршлага маш олон байгааг онцолж, 20 сайн туршлагыг бүртгэж гэрчилгээ олгосон. Үүний зэрэгцээ таван үндсэн чиглэлээр хамгийн ач холбогдолтой дараах туршлагыг шалгаруулсан юм. Үүнд:

·         Оношилгооны технологи - Сүхбаатар эрүүл мэндийн төвийн “Чихрийн шижингийн эрт илрүүлэг “,

·         Эмчилгээний технологи - Амгалан амаржих газрын “Эмийн бус аргаар умайн хүзүүг сэдээх аргачлал”,

·         Эмнэлгийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах - Сонгинохайрхан нэгдсэн эмнэлгийн “Хүүхдийн рентген зураг авахад ашиглах сандлыг бүтээсэн нь”,

·         Сувилахуйн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах - Баянзүрх нэгдсэн эмнэлгийн “Сувилагчийн иж бүрдэл “,

·         Шинээр нэвтрүүлсэн үйлчилгээ - Чингэлтэй эрүүл мэндийн төвийн “Гэр зөвлөмж” гэх мэт.

НЭМГ-аас сайн туршлагыг дэлгэрүүлэхэд цаашид ч онцгой ач холбогдол өгөн анхаарч,  сайн туршлагын танилцуулгыг нийт харьяа байгууллагад хүргэхээр төлөвлөж байна.

 

 

 

 

 НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР