Эрүүл мэндийн яам болон олон улсын Ротарибайгууллагаас хамтран “Глобал Грант #1754471” төслийг хэрэгжүүлэх санамж бичигт 2017 оны дөрөвдүгээр сарын 14-нд гарын үсэг зурсан билээ. Тус санамж бичигт тусгасны дагуу өнгөрсөн наймдугаар сарын 28-наас эхлэн төслийн үйл ажиллагаа хэрэгжиж, БНЭУ-ын нарийн мэргэжлийн мэс заслын эмч, профессоруудаас бүрдсэн нийт 16 хүний бүрэлдэхүүнтэй баг Монгол Улсад ирсэн юм.

Төслийн багийн гишүүд болох доктор Шашанк Шэхар болон Навдееп Санду нар нийслэлийн Амгалан амаржих газарт ажиллаж эхэлсэн байна. Энэ хугацаанд эмч мэргэжилтнүүд эх барих, эмэгтэйчүүдийн мэс заслын талаар хоёр удаагийн сургалт зохион байгуулсан аж. Мөн эмэгтэйчүүдийн мэс заслын хүнд хэлбэрийн хагалгаанд гурван удаа оржээ. Олон улсын эрүүл мэндийн салбарын дэвшилтэт технологи, эмчилгээний шинэ арга замуудыг онол, практикаар дамжуулан Монголын эмч нарт хүргэхээр зорьж буй төслийн багийн гишүүд цаашид эмэгтэйчүүдийн мэс засал, тэр дундаа дурангийн хагалгаагаар дадлагажуулж, сургах тал дээр түлхүү анхаарч ажиллахаа илэрхийлсэн байна.