Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтны ээлжит шуурхай хурал өнөөдөр боллоо. Тус хурлаар дамжуулан НЭМГ-аас тарваган тахал, галзуу, шүлхий зэрэг байгалийн голомтот халдваруудын талаархи цаг үеийн мэдээллийг хүргэж, урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд авч хэрэгжүүлж буй томоохон ажлуудаа танилцууллаа.

 

 

Тухайлбал, Нийслэлийн Засаг даргын 2017 оны “Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/594 дүгээр захирамжийн дагуу НЭМГ-ын даргын “Хүн, мал амьтны гоц халдварт тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэн, яаралтай бэлэн байдлыг хангах тухай” А/109 дүгээр тушаал гарсан. Энэ дагуу эрсдэлт бүлгийн 289 албан хаагчдыг тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад хамруулаад байна. Мөн НЗГ, ЗЦГ, НОБГ-тай хамтран авто тээврийн шалган бүртгэх товчоодод хяналт, шалгалт явуулж буй ажлын хэсгүүдэд хөдөлгөөнт эргүүл, хяналт, шалгалт болон нийслэл рүү ордог баталгаат бус замуудад хөдөлгөөнт эргүүл, хяналт, шалгалтыг хуваарийн дагуу хийж эхэлжээ.

 

 

Хурлын хүрээнд НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар харьяа эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудад өвөлжилтийн бэлтгэл ажлаа хангаж, байгалийн голомтот халдварууд болон томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлуудаа эрчимжүүлж ажиллахыг даалгалаа. Үүнтэй холбогдуулан эмнэлгийн удирдлагууд өөрсдийн үйл ажиллагаа болон авч хэрэгжүүлж буй ажлынхаа үр дүнг танилцуулж, өдгөө тулгамдаж буй томоохон асуудлуудаа хэлэлцсэн юм.

НЭМГ-ын хэлтсийн дарга, мэргэжилтнүүд энэ удаагийн хурлаар “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд авч хэрэгжүүлж буй хепатитийн В, С вирүсийн илрүүлэг шинжилгээний явц болон Баянгол, Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төв, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасгийг шинээр байгуулах бэлтгэл ажлын талаар мэдээлэл өглөө.

 

 

 

 

 

 

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР