Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын

2016 оны ….. дугаар сарын.......ны өдрийн

 ..........дугаар  тушаалын хавсралт

 

 

 

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗРЫН

ХӨДӨЛМӨРИЙН ДОТООД ЖУРАМ

 

 

Нэг. Нийтлэг үндэслэл

 

1.1. Нийслэлийн Эрүүл мэндийн газрын хөдөлмөрийн дотоод журмын зорилго нь газрын хэвийн үйл ажиллагааг хангах, албан хаагчдыг ажилд томилох, ажлаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халах, захиргаа, албан хаагчийн эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлох, шагнаж урамшуулах, сургах, давтан сургах, хөдөлмөрлөх нөхцөл, нийгмийн баталгааг сайжруулах, хөдөлмөрийн дэг журмыг бэхжүүлэхэд оршино.

1.2. Нийслэлийн Эрүүл мэндийн газар /цаашид “газар” гэх/ үйл ажиллагаандаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Төрийн албаны тухай, Хөдөлмөрийн тухай, Төсвийн тухай, Эрүүл мэндийн тухай болон бусад холбогдох хуулиуд, тэдгээрт нийцүүлэн гаргасан дүрэм журам болон энэхүү хөдөлмөрийн дотоод журмыг мөрдлөг болгон ажиллана.

1.3. Хөдөлмөрийн дотоод журмын хэрэгжилтийг хэлтсийн дарга нар зохион байгуулж, хэрэгжилтэнд хүний нөөц, эмнэлгийн мэргэжилтний ёс зүй асуудал хариуцсан мэргэжилтэн хяналт тавина.

 

Хоёр. Дотоод ажлын зохион байгуулалт, хяналт үнэлгээ

 

2.1. Нийслэлийн Эрүүл мэндийн газрын үйл ажиллагаа

 

2.1.1. Удирдлагын зөвлөлийн шуурхай хуралдааныг долоо хоног бүрийн даваа гаригт хуралдаж, байгууллагын төлөвлөгөөний хэрэгжилт, удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврын биелэлт, газрын даргын хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн бусад асуудлыг хэлэлцэж, тухайн долоо хоногт гүйцэтгэх ажил, үйл ажиллагааг товлоно.

2.1.2. Хэлтсийн дарга нар шуурхай зөвлөлгөөнөөс гарсан шийдвэр,  үүрэг даалгавар, хийх ажлын талаар мэдээлж, 7 хоногт хийж гүйцэтгэх ажил, үйл ажиллагааг товлоно.

2.1.3 Хэлтэс нь хийж гүйцэтгэсэн ажил, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийн талаар сар бүр байгууллагын удирдлагад тайлагнах ба захиргаа, нийтлэг үйлчилгээний хэлтэс биелэлтийг хангаж хяналт тавьж  ажиллана.

                2.1.4. Нийт ажилтан, албан хаагчдын мэдээллийн цагийг сар бүрийн 4 дэх долоо хоногийн баасан гарагийн 16.00 цагт хэлтэс албадууд ээлжлэн зохион байгуулж цаг үеийн мэдээ мэдээллээр хангана. Хэлэлцэх асуудлын дарааллыг тухай бүрт гаргаж хурлыг зохион байгуулж явуулна. Цаг үеийн яаралтай мэдээлэх асуудлаар тухайн үед нь товлож хуралдуулна.

2.1.5 Албан ажлын шаардлагаар мэдээллийн цагт орох бололцоогүй мэргэжилтэн, ажилтны нэр, шалтгааныг хэлтсийн дарга хэлж бүртгүүлнэ. Мэдээллийн цагаар шаардлагатай үед газрын дарга оролцож, үүрэг даалгавар өгнө.

2.1.6       Компьютерийн дотоод сүлжээ, интернетийг зөвхөн байгууллагын ажилтан, албан хаагчид ашиглах ба сүлжээний төхөөрөмж, карт, кабель утсыг дур мэдэн салгах, компьютерийн тохиргоог өөрчлөхийг хориглоно.    Сүлжээний аюулгүй байдлыг Статистик хяналт-шинжилгээний хэлтэс хариуцна.

 

2.2 Ажил төлөвлөх, тайлагнах

 

2.2.1. Газар нь Монгол улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөр болон бусад эрх зүйн орчинтой уялдсан тухайн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөтэй  байна.

2.2.2. Төлөвлөгөөний биелэлтийг хагас, бүтэн жилээр гаргаж  жилийн эцэст дүгнэнэ.

2.2.3. Мэргэжилтнүүдийн үр дүнгийн гэрээг жил бүрийн 12 дугаар сарын 25-нд Газрын даргын тушаалаар томилогдсон ажлын хэсэг үр дүнгийн гэрээ дүгнэх ажлын удирдамж, шалгуурыг батлуулан байгууллагын оны тэргүүний хамт олон, ажилтан, албан хаагчийг шалгаруулна.

2.2.4. Үйл ажиллагааны жилийн төлөвлөгөөг хэлтсийн дарга нар тогтоосон хугацаанд боловсруулан газрын даргаар хянуулан, Нийслэлийн засаг даргын орлогчоор батлуулж хэрэгжүүлэх ба төлөвлөгөөний биелэлтийг хангахад Захиргаа, нийтлэг үйлчилгээний хэлтэс дэмжлэг үзүүлнэ.

 2.2.5. Хэлтсүүд нь байгууллагын үйл ажиллагааны жилийн төлөвлөгөөнд үндэслэн үйл ажиллагаагаа төлөвлөж, улирал бүр тайлан гаргаж газрын даргад танилцуулж, гүйцэтгэлийг захиргаа, нийтлэг үйлчилгээний хэлтэс хариуцна.

2.2.6.  Ажилтан, албан хаагч бүр байгууллагын болон хэлтсийн төлөвлөгөөг  үндэслэн үйл ажиллагаагаа сараар төлөвлөн биелэлтийг 7 хоногоор тооцон гаргаж, хэлтсийн даргад танилцуулна.

2.2.7.  Ажилтан, албан хаагчдын  санал, мэдээллийн урсгал шат дараалсан зарчимтай байх бөгөөд мэргэжилтнээс алба, хэлтсийн дарга, хэлтсийн даргаас байгууллагын удирдлага гэсэн дарааллаар хэрэгжинэ. Онцгой болон яаралтай тохиолдолд мэргэжилтэн Газрын даргад асуудлыг шууд танилцуулж болно.

 

2.3. Дотоодын хяналт

 

2.3.1. Газрын дотоод хяналт үнэлгээний үр дүнг Захиргаа, нийтлэг үйлчилгээний хэлтэс нэгтгэж удирдлагын “Шуурхай зөвлөлгөөн”-өөр хэлэлцүүлэн, холбогдох шийдвэрийг гаргуулна.

2.3.2.      Дотоод хяналт үнэлгээгээр илэрсэн зөрчил дутагдлыг арилгах, газрын даргын тушаалын хэрэгжилтэд хяналт тавих, удирдлагын зөвлөлд зөрчлийн талаар авсан арга хэмжээг улиралд нэг удаа танилцуулах, хэлэлцүүлэх ажлыг захиргаа, нийтлэг үйлчилгээний хэлтэс хариуцна.

2.3.3       Хэлтэс хооронд албан ажлын шаардлагаар мэдээлэл хүргүүлэх, сануулах, шаардах үйл ажиллагааг дотоод меморандумаар дамжуулан хэрэгжүүлнэ.

 

Гурав. Дотоод, гадаад харилцаа хамтын ажиллагаа

 

3.1 Албан томилолт, хяналт, шалгалтаар ажиллах

3.1.1. Ажилтан, албан хаагчид төлөвлөгөөт болон цаг үеийн ажлаар алслагдсан дүүрэг, орон нутагт албан томилолтоор ажиллаж болно.

3.1.2.Томилолтоор болон хяналт шалгалт хийж ажилласан үр дүнг хэлтсийн дарга нар газрын  даргад танилцуулна.

3.1.3. Томилолтоор ажилласан мэргэжилтэн, албан хаагчид буцаж ирснээс хойш ажлын 3 хоногт багтаан гүйцэтгэсэн ажлын тайланг илтгэх хуудсаар бичиж, томилолт олгосон албан тушаалтанд танилцуулах бөгөөд санхүүгийн тооцоог ажлын 5 хоногт багтаан хийж дуусгана. Томилолтоос буцаж ирсэн өдрийн  маргааш өглөө ажилдаа ирээгүй бол ажил тасалсанд тооцно.

                3.1.4. Гадаадад томилолтоор ажилласан мэргэжилтэн удирдамжийн биелэлтийн талаар газрын даргад танилцуулж, бичгээр Захиргаа, нийтлэг үйлчилгээний хэлтэст хүргүүлнэ. Шаардлагатай гэж үзвэл томилолтын тайлангаа мэдээллийн цагаар нийт ажилтан, албан хаагчдад болон холбогдох байгууллагад тайлагнаж, мэдээлнэ.

3.1.5. Гадаадад томилолтоор ажиллахдаа ирүүлсэн урилгыг үндэслэн удирдамж, төсвөө 10 хоногийн өмнө газрын даргаар батлуулан тушаал гаргуулна. Уг хурал, чуулган, семинар, зөвлөгөөн дээр үг хэлэх, илтгэл тавих тохиолдолд хуулбарыг хавсаргана.

 

3.2 Холбогдох дээд байгууллага, иргэдтэй хамтран ажиллах

 

3.2.1. Засгийн газар, Эрүүл мэнд, спортын яам, Нийслэлийн Засаг даргын удирдлагын зөвлөлд хэлэлцүүлэх асуудал болон шийдвэрийн төслийг газрын даргаар баталгаажуулан  холбогдох байгууллагад хүргүүлнэ.

3.2.2. Дээд шатны байгууллагуудаас боловсруулж санал авахаар ирүүлсэн баримт бичгийн төсөлд өгөх саналыг холбогдох мэргэжилтэн боловсруулж, хэлтсийн даргаар хянуулан газрын даргад танилцуулна.

3.2.3. Холбогдох дээд байгууллага болон бусад байгууллагуудтай хамтран ажиллах, ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ажиллах тохиолдолд хэлтсийн даргаараа дамжуулан газрын даргад танилцуулж албан ёсны зөвшөөрөл авч үр дүнг мэдээлнэ.

                3.2.4. Газрын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах асуудал хариуцсан мэргэжилтэн хууль сахиулах болон хяналт, хэвлэл мэдээллийн байгууллагаас хүсэлт тавьж буй албан хаагчийн ажлын удирдамж, биеийн байцаалттай танилцаж, газар хэлтсийн дарга нарын зөвшөөрснөөр хэвлэл мэдээллийн ажилтан, хариуцсан мэргэжилтэн мэдээлэл өгнө.

3.2.5. Байгууллагын танилцуулга, сургалт сурталчилгаа, үйл ажиллагаатай холбогдолтой цаг үеийн мэдээ, мэдээллийг төрөл бүрийн арга замаар түгээх ажлыг алба, хэлтсүүд цахим хуудсанд мэдээлэл байршуулах журмын дагуу гүйцэтгэж, Статистик, хяналт-шинжилгээний хэлтэс хяналт тавин ажиллана.

3.2.6. Хамтран ажиллагч байгууллагын тэмдэглэлт ойг тохиолдуулан тухайн байгууллагын хамт олон, албан хаагчдад баяр хүргэж єргємжлєл, дурсгалын зүйлийг газрын даргын тушаалаар олгож болно.

 

3.3 Гадаад харилцаа хамтын ажиллагаа

 

                3.3.1. Нийслэлийн Эрүүл мэндийн газар нь гадаад хамтын ажиллагаагаа жил бүр өргөжүүлж, өндөр хөгжилтэй орны туршлагаас суралцан, дэвшилтэт арга барилыг нэвтрүүлж ажиллана.

3.3.2. Айлчлалын үеэр эцэслэн тохирох гарын үсэг зурах, гэрээ хэлэлцээр, төсөл, хөтөлбөр болон бусад баримт бичгийг Захиргаа, нийтлэг үйлчилгээний хэлтэс холбогдох хэлтсүүдтэй хамтран эцэслэн боловсруулж, айлчлал хийхээс 7 хоногийн өмнө санал авч бэлэн болгосон байна.

3.3.3. Гадаад улсын болон олон улсын байгууллагаас, зочин, төлөөлөгч урих асуудлыг газрын дарга шийдвэрлэнэ.

3.3.4. Газрын урилгаар гадаад улс орон, олон улсын байгууллагын төлөөлөгчдийн  Монгол Улсад хийх айлчлал, албан ёсны болон ажлын айлчлалын арга хэмжээг зохион байгуулах ажлыг Захиргаа, нийтлэг үйлчилгээний хэлтэс бусад хэлтсүүдтэй хамтран зохион байгуулна.

3.3.5. Захиргаа, нийтлэг үйлчилгээний хэлтэс нь олон улсын болон гадаадын байгууллагын төлөөлөгчдийн Монгол улсад хийх айлчлалын нэр, хөтөлбөр болон бусад холбогдох арга хэмжээг тухайн талтай хэлэлцэж тохирно.

3.3.6. Хэлтсийн дарга болон бусад мэргэжилтэн гадаадын зочид, төлөөлөгчдийг хүлээн авч уулзах тохиолдолд ажлын 1-ээс доошгүй хоногийн өмнө Захиргаа, нийтлэг үйлчилгээний хэлтэст мэдэгдэж, шаардлагатай тохиолдолд холбогдох хүмүүсийг оролцуулна.

3.3.7. Газрын дарга гадаадын зочид төлөөлөгчдөд хүндэтгэлийн зоог барих, хүлээн авалт хийх, бэлэг дурсгалын зүйл авах, гардуулах асуудлыг холбогдох хууль, журамд нийцүүлэн шийдвэрлэнэ.

3.3.8. Хамтран ажиллагч байгууллага болон  салбарын эрүүл мэндийн байгууллагуудын тэмдэглэлт ойг тохиолдуулан баяр хүргэж 100000 төгрөгөөс хэтрэхгүйгээр єргємжлєл, дурсгалын зүйлийг даргын тушаалаар олгож болно.

                3.3.9. Газрын дарга албан ёсны болон ажлын айлчлалын шаардлагаар виз авахтай холбогдон гарах хураамж, бусад төлбөрийг цаг хугацаанд нь шуурхай шийдвэрлэх асуудлыг Захиргаа, нийтлэг үйлчилгээний хэлтэс хариуцна.

 

Дөрөв. Байгууллагын соёл, ёс зүй

 

4.1.  Байгууллага нь алсын хараа, эрхэм зорилгод нийцсэн бэлгэдэлтэй байна.

                4.2. Захиргаа, нийтлэг үйлчилгээний хэлтэс нь ажлын байранд эмх цэгц, цэвэр цэмцгэр, ээлтэй тав тухтай орчинг бүрдүүлж ажиллана.

                4.3.  Хэлтсүүд нь хүлээн авах, угтах үйлчилгээний соёлыг нэвтрүүлж,  цахимаар болон утсаар лавлагаа мэдээлэл, санал хүсэлт хүлээн авах боломжийг бүрдүүлсэн байна.

                4.4. Ажилтан, албан хаагч нь ажлын цагаар ажлын байранд нийтийн болон мэргэжлийн ёс зүйд нийцүүлэн, ажил хэрэгч цэвэр үзэмжтэй, төлөв байдлаар хувцаслах ба жинсэн өмд, пүүз, өмсөхгүй байвал зохино.

4.5. Ажилтан, албан хаагч нь ажилдаа  шинийг санаачлагч, үр дүнгийн төлөөх манлайлагч байж, цагийн менежментийг нэвтрүүлэн,  ажлын цагийг үр бүтээлтэй ашиглана.

4.6.  Ажилтан, албан хаагч нь харилцан бие биенээ хүндэтгэн зөв харилцаж, бусдын өмнө нэр хүндийг унагах, цуу тараах, ажлын цагаар бусаддаа саад болох, утсаар чанга ярих, зүй бус харилцаа гаргахыг хориглоно.

4.7. Ажилтан, албан хаагч нь иргэд үйлчлүүлэгчтэй эелдэг зөв боловсон харилцаж, зүй бус үг хэллэг, харилцаа хандлага гаргахгүй байна.

4.8. Ажилтан, албан хаагч нь компьютер, бусад техник хэрэгсэл, утсан холбоог  зөвхөн албаны зориулалтаар ашиглана.

4.9. Ажилтан, албан хаагч нь төрийн үйлчилгээ үзүүлснийхээ төлөө иргэд, байгууллагаас бэлэг дурсгал, шан харамж авахыг хориглоно.

 

Тав. Ажилтнуудыг ажилд авах, ажлаас түр чөлөөлөх, ажлаас чөлөөлөх, халах

 

5.1. Ажилд томилох

 

5.1.1. Төрийн захиргааны албан хаагчийг албан тушаалд томилоход Төсвийн тухай хуулийн холбогдох заалтыг баримтлан Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасан шаардлага, мөн хуулийн 16 дугаар зүйлд заасан болзлыг үндэс болгож, 17 дугаар зүйлийн 17.1, 17.4 дэх хэсгийг мөрдлөг болгоно.

5.1.2. Газарт ажилд орохоор хүсэлт гаргасан иргэнийг хүний нөөц, эмнэлгийн мэргэжилтний ёс зүй хариуцсан мэргэжилтэн, хууль эрх зүй, өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтэн судлан холбогдох хэлтсийн даргын саналыг авч, шаардлагатай тохиолдолд Авилгатай тэмцэх газраас хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг хянуулсны дараа удирдлагуудад танилцуулж шийдвэрлүүлнэ.

5.1.3. Төрийн жинхэнэ албан тушаалд анх орсон албан хаагчид туршилтын хугацааг Төрийн албаны тухай хуулийн 18.1 дэх хэсгийг үндэслэн 1 жил хүртэл хугацаагаар тогтоож болно. Анх орсон албан хаагчийн туршилтын хугацаа дуусахаас өмнө бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагааны чиглэл өөрчлөгдөх, тухайн албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэн томилох тохиолдолд туршилтын хугацааг хэвээр хадгална /анх томилогдсон тушаалын дагуу туршилтын хугацаа хүчинтэй үргэлжилнэ/. Туршилтын хугацаа дуусмагц харьяалагдах хэлтсийн дарга уг албан хаагчийн ажлын үр дүнгийн талаар тодорхойлолт гаргаж  хүний нөөц, эмнэлгийн мэргэжилтний ёс зүй хариуцсан мэргэжилтэнд ирүүлнэ.

5.1.4. Төрийн үйлчилгээний албан тушаалд томилогдож байгаа албан хаагчтай хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулна. Талууд гарын үсэг зурсан өдрөөс эхлэн хөдөлмөрийн гэрээ хүчин төгөлдөр болох бөгөөд гэрээний нэг хувийг ажилтанд хадгалуулна.

5.1.5. Хөдөлмөрийн гэрээнд дараах гол нөхцөлийг тусгана.

а) ажлын байрны буюу албан тушаалын нэр;

б) ажлын байрны тодорхойлолтод заасан ажил, үүрэг;

в) үндсэн цалин буюу албан тушаалын цалин, нэмэгдэл, урамшууллын хэмжээ;

г) хөдөлмөрийн нөхцөл;

д) ажлын цаг;

е) гэрээний хугацаа

 

5.1.6. Хөдөлмөрийн гэрээнд заасан нөхцөл өөрчлөгдөх тохиолдолд уг албан хаагчтай харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж болно.

5.1.7. Хүний нөөц, ёс зүй хариуцсан мэргэжилтэн шинээр томилогдсон албан хаагчид ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн дотоод журам, цалин хөлс, нэмэгдлийг тайлбарлан танилцуулна.

5.1.8. Газрын даргын тушаалыг үндэслэн хүний нөөц, эмнэлгийн мэргэжилтний ёс зүй хариуцсан мэргэжилтэн албан хаагч бүрт ажлын үнэмлэх олгоно.

5.1.9. Ажил гүйцэтгэсэн өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн даатгалын дэвтэр болон хувийн хэрэг хөтөлнө.

5.1.10. Шаардлагатай тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх, үйлчилгээний албан тушаал хавсран ажиллах асуудлыг шийдвэрлэх бөгөөд цалингийн зөрүү болон нэмэгдэл хөлсийг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу олгоно.

5.1.11. Газрын үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай ажил, үүргийг гүйцэтгүүлэхээр иргэдтэй Монгол улсын Иргэний хуульд заасан журмын дагуу ажил гүйцэтгэх гэрээ байгуулж болно.

5.1.12. Хөдөлмөрийн тухай хуулийн 111 дүгээр зүйлд  Хөгжлийн бэрхшээлтэй буюу одой хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж хуульд заасны дагуу ажиллуулж болно.

5.2. Ажлаас түр чөлөөлөх

 

5.2.1. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр ажилтныг эрхэлж буй үүрэгт ажлаас түр чөлөөлж болно.

5.2.2. Ажилтныг ажлаас түр чөлөөлсөн тухай тушаал гаргаж, холбогдох тооцоог хийнэ.

5.2.3. Ажлаас түр чөлөөлөгдсөн ажилтан чөлөөлөгдөх тухай шийдвэрт заасан хугацаанд ажилдаа эргэж ороогүй бол бүрмөсөн чөлөөлөгдсөнд тооцож, захиргааны санаачилгаар хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгоно.

 

5.3. Албан хаагчийг үүрэгт ажлаас чөлөөлөх, халах

 

5.3.1. Албан хаагчийг өөрийн хүсэлтээр, эсвэл захиргааны санаачилгаар үүрэгт ажлаас чөлөөлнө.

5.3.2. Албан хаагч өөрөө ажлаас чөлөөлөгдөх бол өргөдлөө газрын даргад бичгээр гаргана. Хүсэлтийг 30 хоногийн дотор шийдвэрлэнэ.

5.3.3. Дараах үндэслэлээр төрийн албан хаагчийг захиргааны санаачлагаар ажлаас чөлөөлнө.

a) бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөөр алба, хэлтэс нь татан буугдсан, орон тоо хасагдсан, ажилтнуудын тоог цөөрүүлсэн;

б) эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж буй ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдож, холбогдох мэргэжлийн байгууллагын албан ёсны шийдвэр гарсан;

в) албан хаагч тэтгэвэр тогтоолгох нас, эсхүл төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн;

г) хөдөлмөрийн сахилгын зөрчлийг тухайн жилдээ давтан үйлдсэн, эсвэл энэхүү журамд заасан ноцтой зөрчил гаргасан;

      д) мөнгө болон эд хөрөнгө хариуцсан албан хаагч Газрын итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон.

5.3.4. Хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчилд ажлын байранд болон ажлын цагаар ажил үүргээ гүйцэтгэх явцад согтууруулах ундаа хэрэглэсэн, газрын үйл ажиллагааг санаатайгаар мушгин гуйвуулсан мэдээлэл тараасан, газрын үйл ажиллагаанд холбогдох дүрэм, журмыг зөрчсөн, эд материалын болон бусад хохирол учруулсан, газрын эд хөрөнгө, техник хэрэгсэл, санхүүгийн болон мэдээллийн эх үүсвэрийг хувийн зорилгоор ашигласан, хүндэтгэх шалтгаангүйгээр дараалан ажлын 2 ба түүнээс дээш өдрийн ажил тасалсан, хариуцаж байгаа ажилдаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр байгууллагын нэр хүнд, эрх ашигт харшлах алдаа гаргасан болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан, албан үүрэгтэйгээ холбогдуулан авлигын эрх зүйн зөрчил гаргасан болон бусад тохиолдлуудыг хамааруулж үзнэ.

5.3.5. Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн захиргааны жинхэнэ албан хаагчийг түүнтэй тохиролцож, төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулж болно.

5.3.6. Албан хаагчийг өөрийнх нь зөвшөөрснөөр тухайн байгууллагын удирдлагатай тохиролцож, Төрийн албаны тухай хуулийн 22.2-т заасан хугацаагаар төрийн байгууллага хооронд сэлгэн ажиллуулж болно.

5.3.7. Албан хаагчийг Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасны дагуу Газрын даргын тушаалаар албан тушаал бууруулан ажиллуулж болно.

5.3.8. Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлд зааснаар төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас хална.

5.3.9. Төрийн үйлчилгээний албан хаагчийн хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 37, 38, 39, 40 дүгээр зүйлд заасан үндэслэлээр цуцлах буюу дуусгавар болгоно.

Албан хаагчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1, 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа мөн хуулийн 40.5-д заасныг баримтална.

5.3.10. Тушаалд ажлаас чөлөөлсөн, халсан шалтгаан, үндэслэлийг тодорхой бичнэ. Ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажил хүлээлгэн өгөх хугацааг тогтоож, уг хугацааг ажлаас халах тухай шийдвэрт заана.

5.3.11. Ажлаас чөлөөлөгдөж, халагдаж буюу өөрчлөгдөж буй албан хаагч хариуцан гүйцэтгэж байсан албан хэргийн холбогдох материал, баримт бичгийг ажил үүргийг нь хүлээн авч буй албан хаагчид, ажил авах хүн томилогдоогүй тохиолдолд зөвхөн харъяалах хэлтсийн даргад тэмдэглэл үйлдэж, эд хогшил бусад зүйлс /ажлын үнэмлэх, түлхүүр, лац, ном сэтгүүл г.м/-ийг хүний нөөцийн хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтэн, няравт тус тус хүлээлгэж өгнө.

5.3.12. Ажлаас чөлөөлөгдөж, халагдаж байгаа ажилтан тойрох хуудас бөглүүлж, санхүүгийн болон бусад холбогдох тооцоо хийсний дараа ажлаас чөлөөлсөн, халсан тухай шийдвэр, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр, хуульд заасан бол ажлаас халагдсаны тэтгэмжийг бодож олгоно.

Ажлаас чөлөөлөгдөж, халагдаж байгаа ажилтны хувийн хэргийг архивт өгөх буюу шаардлагатай тохиолдолд бусад байгууллагад шилжүүлнэ.

 

Зургаа. Захиргаа, ажилтны эрх үүрэг

 

Захиргаа дараах үүрэг хүлээж, эрх эдэлнэ.

 

6.1.1. Газрын эрхэм зорилго, үйл ажиллагааны стратегийн зорилтыг үндэслэн ажлын байрны тодорхойлолтыг оновчтой тогтоож мөрдүүлнэ.

6.1.2. Албан хаагчийн өдөр тутмын ажлыг хэлтсийн дарга нараар дамжуулан удирдана.

6.1.3. Албан хаагчдын хөдөлмөрийг оновчтой зохион байгуулж, мэргэжил, мэргэшлийн дагуу ажиллуулна.

6.1.4. Албан хаагчдын мэдлэг, мэргэшил, ур чадварыг дээшлүүлэх, давтан сургах, мэргэжил дээшлүүлэх арга хэмжээг хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлнэ.

 6.1.5. Холбогдох хууль тогтоомжоор баталсан төрийн албан тушаалын ангилал, зэрэглэл, цалингийн сүлжээг үндэслэн албан хаагчдын цалин хөлсийг тогтоож, сард 2 удаа тогтсон өдөр олгоно.

6.1.6. Албан хаагчдын ажлын үр дүнг улирал, хагас, бүтэн жилээр дүгнэж, албан тушаал дэвшүүлэх, бууруулах, цалин хөлсийг өөрчлөх, шагнаж, урамшуулах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

6.1.7. Хэлтсийн дарга нар албан хаагчдын үр дүнгийн гэрээний биелэлтийг жил бүрийн 12 дугаар сарын 25-ны дотор үнэлж дүгнэнэ. Мөн зэрэг дэв олгуулах, ахиулах болон цалинд өөрчлөлт оруулах саналыг дараа оны 1 сарын 10-ны дотор хүний нөөц, эмнэлгийн мэргэжилтний ёс зүй хариуцсан мэргэжилтэн ирүүлж байна.

6.1.8. Жил бүрийн 1 сарын 15-ны дотор газрын дарга албан хаагчидтай үр дүнгийн гэрээ байгуулна.

6.1.9. Хөдөлмөрийн бүтээмж, ажил үйлчилгээний чанар, хөдөлмөрийн нөхцөлийг дээшлүүлэх, өрөө тасалгааны тохижилтыг сайжруулах арга хэмжээ авна.

6.1.10. Албан хаачгдыг ажлын байр, бичиг хэргийн хэрэгсэл, шаардлагатай тоног төхөөрөмж, техник хэрэгслээр хангана.

6.1.11. Албан хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах ажлыг зохион байгуулна. Нийгмийн баталгааг хангах хөтөлбөртэй байна.

6.1.12. Хөдөлмөрийн сахилга, дэг журмыг бэхжүүлэх ажлыг зохион байгуулж, албан хэргийн эмхцэгц, ажлын цаг ашиглалтын байдалд хяналт тавина.

6.1.13. Газрын өмч хөрөнгийн хадгалалт, хамгаалалтыг сайжруулах, галын аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана.

6.1.14. Төлөвлөлт, санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсээс албан хаагчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийж, баталгаажуулж байна.

6.1.15. Албан хаагчид нэмэлт хөнгөлөлт, тэтгэмж, нөхөн олговор олгох асуудлыг Төрийн албаны тухай, Хөдөлмөрийн тухай хууль, Төсвийн тухай хууль, холбогдох журмын хүрээнд шийдвэрлэж байна.

6.1.16. Албан хаагчдын эрүүл мэндийг хамгаалах зорилгоор бялдаржуулах танхим, спортын заал түрээслэх, шаардлагатай тохиолдолд орон тооны эмч ажиллуулна. Албан хаагчдыг 2 жилд нэг удаа эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт газрын зардлаар хамруулж байна.

6.1.17. Нийтээр тэмдэглэх баяр ёслол, эмнэлгийн ажилчдын баяр болон албан хаагчдын чөлөөт цаг, амралтыг зөв зохистой тэмдэглэн өнгөрүүлэх талаар тодорхой арга хэмжээг байгууллагын зардлаар зохион байгуулж байна.

6.1.18. Захиргаа, нийтлэг үйлчилгээний хэлтсийн дарга нь газар, хэлтсийн төлөвлөгөөний биелэлт, тогтоол, шийдвэр, үүрэг даалгаврын гүйцэтгэлийг хангуулах ажлыг зохион байгуулж, тэдгээрийн биелэлтэнд хяналт тавина.

6.1.19. Газрын дотоод журмыг боловсронгуй болгох, түүнийг хэрэгжилтийг хангахтай холбогдсон шаардлагатай арга хэмжээг авч байна.

6.1.20. Эхийн эндэгдлийн магадлан тогтоох зөвлөлийн гишүүдийн хуралдсан хугацааны цагийн хөлсийг гишүүдийн дундаж цалин хөлсний нэг цагт ногдох хэмжээний жишгээр тооцож улиралд 1 удаа газрын төсвөөс бодож олгоно.

6.1.21 Нийслэлийн ерөнхий мэргэжилтнүүдийг удирдлагын зөвлөлөөр хэлэлцэн газрын даргын тушаалаар баталгаажуулан, улирал тутам урамшуулал олгох

6.1.22. Эрүүл мэндийн байгууллагад тусгай зөвшөөрөл олгох комиссын ажлын хөлсийг тогтсон жишигт нийцүүлэн хүсэлт гаргасан байгууллагын төлбөрөөс олгоно.

6.1.23. Өөрийн хариуцсан эд хөрөнгийг зүй бусаар эвдэлж, гэмтээх, үрэгдүүлсэн бол зах зээлийн үнээр төлүүлэх хүртэл арга хэмжээ авах.

6.1.24. Албан хаагчдын албан хэрэг, бичиг баримтын нууцын хадгалалт хамгаалалт, бичиг баримтыг холбогдох стандарт, зааврын дагуу утга, найруулга сайтай боловсруулж байгаа эсэхэд хяналт тавьж, шаардлагатай арга хэмжээг авна.

 

6.2. Газрын албан хаагч дараах үүрэг хүлээж, эрх эдэлнэ:

 

Албан хаагчдын үүрэг:

 

6.2.1. Өргөсөн тангараг болон хууль тогтоомжийн дагуу төрийн албан ажилд тавигдах зарчим, шаардлага, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахин биелүүлнэ.

6.2.2. Ажлын байрны тодорхойлолт, төрийн захиргааны албан хаагч үйл ажиллагааны үр дүнгийн гэрээ, үйлчилгээний ажилтан хөдөлмөрийн гэрээнд заасан чиг үүрэг, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь бүрэн биелүүлж, энэхүү журмаар тогтоосон дэг журмыг ягштал мөрдөж ажиллана.

6.2.3. Ажлын цагийг үр бүтээлтэй бүрэн ашиглаж, үүрэгт ажилдаа хариуцлага санаачлагатай,  чин сэтгэлээсээ хандаж ажиллана.

6.2.4. Ажлын байранд албаны хувцастай ирэх ба ажилд ирэх, ажлын өдөр дуусч гарахдаа өөрийн биеэр цагаа бүртгүүлж байна.

6.2.5. Өөрийн мэдлэг, мэргэжил, мэргэшил, ажлын ур чадвараа байнга дээшлүүлнэ.

6.2.6. Эд хөрөнгө, техник хэрэгсэл, материалыг эзний ёсоор хамгаалах, эзэмших, хэмнэлттэй зарцуулж, өрөө тасалгаа, ажлын байрыг эмх цэгцтэй, цэвэр цэмцгэр байлгана. Газрын эд хөрөнгөнд өөрийн буруугаас гэмтэл учруулсан тохиолдолд хохирлыг нөхөн төлнө.

6.2.7.Албан хэрэг, бичиг баримтын нууцыг чандлан хадгалж, бичиг баримтыг холбогдох стандарт, зааврын дагуу утга, найруулга сайтай боловсруулна.

6.2.8. Албан хэргийг архивт хуулийн хугацаанд зохих журмын дагуу бүрэн шилжүүлнэ.

6.2.9. Ажлын тайлан, УИХ, Засгийн газар, нийслэлийн Засаг дарга болон дээд байгууллагын тогтоол шийдвэр, төлөвлөгөөний биелэлтийг сар, улирал, хагас, бүтэн жилээр тогтоосон хугацаанд үнэн зөв, шуурхай гаргаж өгч байна.

6.2.10.Төсөл, хөтөлбөр болон албан тушаалын бус ажил гүйцэтгэхэд газрын удирдлагатай гэрээ байгуулж, дүгнүүлэх буюу удирдамжаа батлуулж, тайлагнаж ажиллана.

6.2.11. Хөрөнгө, орлогын мэдүүлгийг үнэн зөв бөглөж, жил бүрийн 2 дугаар сарын 1-ний дотор хууль эрх зүй, өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтэнд хүлээлгэн өгнө. Хувийн ашиг сонирхолын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг /ХАСХОМ/  буруу бөглөсөн тохиолдолд үүсэх хариуцлагыг албан хаагч өөрөө хүлээх ба хөрөнгө, орлогын мэдүүлгийг хуулийн хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гаргаж өгөөгүй нь ажлаас халах үндэслэл болно.

6.2.12. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, ариун цэврийг сайжруулах, галын аюулаас урьдчилан сэргийлэх болон архидан согтуурах, тамхины хортой тэмцэх талаар гарсан хууль, дүрэм, журмыг сахин биелүүлнэ.

6.2.13. Ажлын байранд болон албан үүргээ гүйцэтгэж явахдаа согтууруулах ундаа хэрэглэх, тоглох, ажлын цагаар худалдаа наймаа эрхлэх, элдэв хов ярих, цайлж суухыг хатуу цээрлэхийн зэрэгцээ бусадтай ёс зүйгүй харьцах, хараалын үг хэллэг хэрэглэхийг хориглоно.

6.2.14. Төр, засаг, газрын үйл ажиллагааг санаатайгаар мушгин гуйвуулсан мэдээлэл тараах, төрийн албан хаагчийн нэрийн өмнөөс хувийн үзэл бодлоо илэрхийлэхийг хориглоно.

6.2.15. Хүндэтгэх шалтгаанаар ажилдаа ирж чадахгүй болсон тохиолдолд харьяалах хэлтсийн даргад заавал мэдэгдэж байна.

6.2.16. Албан бичиг, баримт, тамга, тэмдэг зэргийг найдвартай, бат бөх газарт хадгалж, гэмтэж, үрэгдэхээс сэргийлж ажиллана.

6.2.17. Ажлын үнэмлэхийг биедээ байнга авч явах ба үрэгдүүлсэн, гэмтээсэн тохиолдолд сонин хэвлэлээр зарлуулж, хүчингүй болгуулж, зохих төлбөрийг хийсний үндсэн дээр шинээр авна.

6.2.18. Нийт албан хаагчдыг хамарсан зохион байгуулалттай арга хэмжээнд идэвхтэй оролцоно.

 

Албан хаагчдын эрх:

 

6.2.19. Эрүүл ахуйн шаардлагад нийцсэн хөдөлмөрийн нөхцлөөр хангуулах, цалин хөлс авах, түүнийг нэмэгдүүлэх, ээлжийн амралт эдлэх, хууль тогтоомжид заасны дагуу тэтгэвэр, тэтгэмж авах, хөнгөлөлт эдлэх, дотоод, гадаадын сургалтанд хамрагдахтай холбогдсон санал, хүсэлт болон шаардлагыг дээд шатны удирдах албан тушаалтанд амаар буюу бичгээр уламжилж болно.

6.2.20. Өөрийн хувийн хэрэг, үр дүнгийн гэрээг дүгнэсэн үнэлгээ, цалин хөлс, зэрэг дэв тогтоосон шийдвэр зэрэгтэй танилцаж, шаардлагатай гэж үзвэл хувийн хэрэгтээ нэмэлт тайлбар хийлгэж болно.

6.2.21. Албан ажлын зэрэгцээ эрдэм шинжилгээний ажил эрхэлж болно.

6.2.22. Албан үүргээ гүйцэтгэх үедээ захиалгаар зохиол, бүтээл туурвисан албан хаагч газартай гэрээ байгуулах бөгөөд уг гэрээнд заасан болзол, нөхцөлийн хүрээнд зохиогчийн эрх эдэлнэ.

6.2.23. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан баталгаа болон хөдөлмөрийн гэрээ, бусад холбогдох хууль тогтоомжоор олгогдсон эрх, хөнгөлөлтийг эдэлнэ.

6.2.24. Албан хаагчид анагаахын болон бусад салбарын докторын зэрэг хамгаалах үед ажлын 5 өдөр, магистрын зэрэг хамгаалахад ажлын 3 өдөр газрын даргын тушаалыг үндэслэн цалинтай чөлөөний эрхийг эдэлнэ.

6.1.25. Албан хаагч газрын үйл ажиллагаа, эрхэлсэн ажлаа сайжруулах, бичгийн болон ажлын багаж хэрэгслээр хангуулах санал, хүсэлт, шаардлага тавих, шүүмжлэл гаргах эрхтэй.

Долоо. Ажил, амралтын горим

 

7.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 70.1-д заасны дагуу албан хаагчдын 7 хоногийн ажлын цагийн нийт хэмжээ 40 цаг байна. Ажлын нэг өдрийн үргэлжлэл 8 цаг байх бөгөөд ажлын өдөр өглөө 08.30 цагт эхэлж, орой 17.30 цагт дуусна.Үдийн завсарлага 12.00-13.00 цагийн хооронд байна.

7.3. Ажлын цагийн дундуур ажлаар гадуур явахдаа зөвшөөрлийг удирдлагаас шат дараалсан байдлаар авна.

7.4. Албан хаагч гадуур ажлаар явах бүрд “Гадуур ажлаар явагсдын дэвтэр”-т бүртгүүлнэ.

7.5. Ажлын цаг бүртгэлийн машинаар хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтэн нийт ажиллагсдын ажлын цагийн бүртгэлийг дараа сарын 03-ны дотор гаргаж эрүүл мэндийн газрын даргад танилцуулан батлуулж, санхүүд өгөх, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээг удирдлагын шийдвэрийн дагуу тухай бүр авч хэрэгжүүлнэ.

7.6. Хүндэтгэх шалтгаангүйгээр ажлаас хожимдсон, тасалсан тохиолдолд цаг бүртгэлийг үндэслэн тооцож, цалингаас суутгана. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлаас удаа дараа хоцорсон, ажлын 1-ээс дээш өдөр ажил тасалсан нь ажлаас халах хүртэл сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болно.

7.7. Ажлын цагийн ашиглалтын байдалд харъяалах хэлтсийн дарга, цагийн бүртгэл хөтлөлтийн байдалд захиргаа, нийтлэг үйлчилгээний хэлтэс хяналт тавьж, даргад танилцуулна.

7.8. Хэлтсээс ирүүлсэн саналыг үндэслэн байгууллагын удирдлага жил бүрийн 1 дүгээр улиралд багтаан албан хаагчдын тухайн жилийн ээлжийн амралтын хуваарийг гаргаж газрын даргын тушаалаар батална.

Ээлжийн амралтын хугацааг Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлд заасны дагуу тогтооно.

7.9. Албан хаагчид жил бүр ээлжийн амралт олгож, биеэр эдлүүлнэ. Албан хаагч ээлжийн амралтыг тухайн жилдээ багтаан хэсэгчлэн эдлэж болно. Мөн хүндэтгэн үзэх шалтгаан гарсан тохиолдолд албан хаагчид ажилласан хугацааны амралтыг урьдчилан олгож болно.

7.10. Ээлжийн амралтын хоорондох хугацаа 6 сараас доошгүй байх ба шинээр ажилд орсон албан хаагч 10 сар ажилласны дараа ээлжийн амралт эдэлнэ.

7.11. Шинээр болон байгууллага хооронд шилжиж ирсэн албан хаагч ажиллаж байсан байгууллагатай ээлжийн амралтын тооцоо хийсэн байна. Хэрвээ ээлжийн амралтаа эдэлж чадаагүй бол энэ тухай ажиллаж байсан байгууллагаас албан бичгээр тодорхойлолт гаргуулсан байна.

7.12. Албан хаагч ээлжийн амралтын мэдэгдлийг амралт авахаас ажлын 3 хоногийн өмнө авч санхүүтэй тооцоо хийнэ. Ажлын зайлшгүй шаардлагаар албан хаагчийн ээлжийн амралтын батлагдсан хуваарьт өөрчлөлт оруулж болно.

7.13. Ажилтан ажлаас халагдах тохиолдолд түүнтэй ээлжийн амралтын тооцоог заавал хийнэ.

7.14. Захиргааны шийдвэрийн дагуу ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй төрийн захиргааны албан хаагчид түүний зөвшөөрснөөр 1.5 сарын албан тушаалын цалинтай тэнцэх мөнгөн урамшил олгоно.

7.15.  Байгаль, цаг үеийн давагдашгүй хүчин зүйл (цаг агаарын болзошгүй аюул, гамшигт үзэгдэл, гал, онцгой байдлын үе г.м) тохиолдсон үед ажилласан ажилтны цалинг зохих хууль журмын дагуу нэмэгдэлтэйгээр олгож, шаардлагатай бол амралтыг нөхөн эдлүүлж болно.

 7.16. Хөдөлмөрийн тухай хуулийн 74 дүгээр зүйлд заасныг баримтлан ажлын зайлшгүй шаардлагыг харгалзан эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр албан хаагчийг илүү цагаар буюу долоо хоногийн амралтын болон нийтээр амрах баярын өдөр ажиллуулж болно. Энэ тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 78.3-т заасны дагуу албан хаагчийг өөр өдөр нөхөн амруулах буюу ээлжийн амралтын өдөртэй хамтатгаж болно.

7.17. Албан хаагчийн өөрийнх нь бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн чөлөө олгож болно.

7.18. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлд заасны дагуу чөлөө олгох болон чөлөөтэй байсан хугацаанд хөдөлмөрийн хөлс олгох эсэхийг албан хаагчийн өргөдөл, хэлтсийн даргын саналыг харгалзан газрын дарга шийдвэрлэнэ.

7.19. Ажлын хагас өдрийн чөлөөг хэлтсийн дарга, ажлын 2 өдөр хүртэл чөлөөг газрын дарга чөлөөний хуудсаар сард 1 удаа тус тус олгож, түүнээс дээш хугацааны чөлөөг газрын даргын тушаалаар жилд 1 удаа олгож болно. Цалингүй чөлөөг хэлтсийн даргын саналыг үндэслэн сард 1 удаа олгож болно.

7.20. Гачигдал тохиолдсон (эцэг, эх, эхнэр, нөхөр, хүүхэд, төрсөн ах, эгч, дүү, хадам эцэг, эх, өөрийн ам бүлд байгаа бусад хүн нас барсан, тэднийг асрах шаардлагатай болсон) буюу хүндэтгэн үзэх бусад шалтгаан (албан хаагчийн өөрийн эсвэл төрсөн хүүхэд, ах, эгч, дүүгийн хурим хийх, гүйцэтгэж буй ажил, албан тушаал, мэргэжлийн чиглэлээр 3 сар хүртэл хугацааны сургалтад хамрагдах, шалгалт шүүлэг өгөх, хурал зөвлөлгөөнд оролцох, улс, олон нийтийн ажил гүйцэтгэх гэх мэт)-ы улмаас албан хаагчид чөлөө олгож болно. Чөлөөг ээлжийн амралт эдлээгүй тохиолдолд ээлжийн амралтаас тооцно.

7.21. Хөдөлмөрийн тухай хуулийн 102, 103, 104, 105, 106 дугаар зүйлийн дагуу эхчүүдэд (ганц бие эцэгт нэгэн адил хамаарна)-д хүүхэд асрах чөлөө олгоно.

7.22. Цэцэрлэг, сургуулийн 2-6 насны хүүхэдтэй эцэг, эхэд тухайн цэцэрлэг, сургуулийн тодорхойлолтыг үндэслэн 9 дүгээр сарын 01-ны өдрөөс 6 сарын 01-ны өдрийн хооронд ажлын цагийн 30 минутын хөнгөлөлт эдлүүлнэ.

7.22. Албан хаагч өөрөө болон бусад дагалдан явах зайлшгүй шаардлагатай төрөл садан хүмүүс эмнэлэгт үзүүлсэн, амбулаториор эмчилгээ хийлгэсэн, гэнэтийн аюул, золгүй явдал тохиолдсон, эрх бүхий байгууллагаас гэрч, хохирогч, шүүгдэгчээр дуудсан зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар ажилдаа ирээгүй хугацааг холбогдох байгууллага, албан тушаалтнаас олгосон албан ёсны магадлагааг үндэслэн түүнийг чөлөөтэй байсанд тооцно.

 

Найм. Цалин хөлс, тусламж, тэтгэмж

 

8.1. Ажилтнуудын цалин хөлсийг Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль болон Улсын Их Хурал, Засгийн газрын тогтоолуудыг үндэслэн газрын даргын тушаалаар батална. Засгийн газрын тогтоолоор баталсан цалингийн сүлжээний шатлалыг тухайн байгууллагад ажилласан  жил, ажлын үр дүнг харгалзан шатлал ахиулж болно.  

8.2. Албан хаагчдын урьдчилгаа цалинг сар бүрийн 8-ны, сүүлийн цалинг 25-ны өдөр цалингийн картанд шилжүүлнэ. Нийтээр амрах болон баяр ёслолын өдөр давхацсан тохиолдолд өмнөх ажлын өдөр нь цалинг шилжүүлнэ.

8.3. Долоо хоногийн амралтын өдөр болон илүү цагаар ажилласан албан хаагчийг нөхөн амруулаагүй бол цалин хөлсийг 1.5 дахин, нийтээр амрах баярын өдөр ажилласан албан хаагчийг нөхөн амруулаагүй бол цалин хөлсийг 2.0 дахин нэмэгдүүлж олгоно.

8.4. Хэвийн бус нөхцөлд ажиллах ажилтны ажлын нөхцлийг тогтоолгож зохих нэмэгдлийг олгоно.

8.5. Албан хаагчдын нийгмийн баталгааг сайжруулах, албан тушаалын бүрэн эрхээ үр дүнтэй хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор дараах тусламж, дэмжлэг үзүүлнэ:

8.5.1. Гал түймэр, гэнэтийн болон байгалийн гамшгийн улмаас орон гэр нь сүйдсэн, эд материалын болон бусад хохирол учирсан, ажилтан 1 сараас дээш хугацаагаар өвчилсөн, эмчлүүлсэн, гэр бүлийн гишүүн гадаад оронд эмчлүүлэх шаардлагатай болсон тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 30.4.1-д заасныг үндэслэн албан хаагчийн албан тушаалын 1 сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн болон эд материалын тусламж үзүүлнэ.

8.5.2. Газарт 5-аас дээш жил тогтвор суурьшил, үр бүтээлтэй ажиллаж байгаа албан хаагч магадлан итгэмжлэгдсэн эмнэлгийн байгууллагын шийдвэрээр гадаад оронд эмчлүүлэх зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд түүнд зардлынх нь 60 хүртэл хувийг батлагдсан төсвийн хүрээнд олгоно.

8.5.3. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.1, 23.3.3-т заасан үндэслэлээр эргэж орох эрхтэйгээр төрийн албанаас түр чөлөөлөгдсөн албан хаагчид албан тушаалын 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тусламж олгоно.

8.5.4. Албан хаагчийн гэр бүлийн гишүүн, төрөл садан /эцэг, эх, эхнэр, нөхөр, хүүхэд/-гийн хүн нас барах, өвчний улмаас хөдөлмөрийн чадваргүй болсон гэр бүлийн гишүүнээ тэтгэхэд зориулж, өөрөө удаан хугацаагаар эмчлүүлэх шаардлагатай болсон тохиолдолд 3 хүртэл сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тусламжийг үзүүлж болно.

8.5.5. Газарт тогтвор суурьшил, үр бүтээлтэй ажиллаж байгаа албан хаагчид 50, 60 насны ойг нь тохиолдуудан 50000 төгрөгийн тэтгэмж олгож болно.

8.5.6. Магадлан  итгэмжлэл бүхий эмнэлгийн байгууллагын шийдвэрээр дотоодын сувилалд ирэх очих замын зардлыг автомашин, төмөр замын тээврийн тухайн үед мөрдөж байгаа энгийн үнэлгээгээр тооцож 2 жилд нэг удаа олгож болно.

8.5.7. Ажилдаа ирэх, буцах нийтийн тээврийн /1000 төгрөг/ болон хоолны /4000 төгрөг/ зардлыг олгож, хүүхэд төрүүлсэн ажилтанд 100000 төгрөгийн  тэтгэлгийг нэг удаа олгоно.

8.5.8.Гэрлэх ёслолоо хийж байгаа ажилтанд 200.000 төгрөгтэй тэнцэх хэмжээний тэтгэлгийг нэг удаа олгож болно.

8.5.9. Гадаадад эмчлүүлэх шаардлагатай болсон, шинээр мэндэлсэн хүүхэд, төрийн дээд одон медалиар шагнагдсан, гэрлэх, шинэ байранд орох, ар гэрийн гачигдал гарсан тохиолдолд /хүн нас барсан, удаан хугацаагаар эмчлүүлэх шаардлагатай болсон г.м/ албан хаагчдаас цуглуулах мөнгөн дүн хүн тус бүрийн 20000 төгрөгөөс хэтрэхгүй байна.

 

Ес. Шагнал урамшуулал

 

9.1. Төрийн албан хаагчийн ёс зүй, төрийн байгууллагын соёл, дэг журмыг чанд сахиж, мэргэжил мэдлэгээ байнга дээшлүүлж, мэргэжлийн өндөр ур чадвар, идэвх санаачлага гарган албан үүргээ тогтмол чанартай биелүүлж, ажлын өндөр амжилт үзүүлсэн албан хаагчийг дараах байдлаар шагнаж урамшуулна. Үүнд:

9.1.1. Мөнгөн урамшил олгох;

9.1.2. Эд зүйл болон үнэ бүхий зүйл дурсгах;

9.1.3. Жил бүр Нийслэлийн Эрүүл мэндийн салбарын аварга эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтан шалгаруулж урамшуулах

9.1.4. Зэрэг дэв, цалингийн зэргийг ахиулах

9.1.5. Албан хаагчдыг зохих журмын дагуу Монгол Улсын төрийн дээд шагнал, одон медаль, алдар цол, Засгийн газрын хүндэт өргөмжлөл, салбарын  тэргүүний  ажилтан цол тэмдэг, Нийслэлийн Иргэдийн Тэргүүлэгчдийн Хурлын  шагналаар шагнуулахаар тодорхойлон холбогдох дээд шатны байгууллагад өргөн мэдүүлнэ.

9.2. Албан хаагчийг шагнаж урамшуулахдаа шууд харьяалах хэлтсийн даргын саналыг үндэслэх бөгөөд газрын даргын тушаал гаргаж, хамт олонд тухай бүр мэдэгдэж байна.

9.3. Албан хаагчдад сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа нь дуусаагүй байхад шагнал урамшуулал олгохгүй. 

 

 

Арав. Хөдөлмөрийн сахилга, эд хөрөнгийн хариуцлага

 

10.1. Хөдөлмөрийн сахилга зөрчигчдөд дараах үндэслэлээр захиргааны хариуцлага хүлээлгэнэ.

a) Төрийн албаны тухай хуулийн хуулийн 13, 15 дугаар зүйл заасныг зөрчсөн;

б) Албан үүргээ биелүүлээгүй буюу хангалтгүй биелүүлсэн;

в) Албан тушаалын бүрэн эрхээ хэтрүүлсэн;

г) Удаа дараа ажлын хариуцлага алдсан;

д) Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа ажлаас хоцорсон буюу 2, түүнээс дээш өдөр ажил тасалсан;

е) Ажлын байранд болон ажлын цагаар албан үүргээ гүйцэтгэж явахдаа согтууруулах ундаа хэрэглэсэн;

ё) Дотоод журмын холбогдох заалтыг зөрчиж хов жив гаргасан.

ж) Эд хөрөнгө хулгайлахыг завдсан, хулгайлсан нь тогтоогдсон;

з) Санхүүгийн мэдээ тайланг будлиантуулсан;

и) Журмын 5.3.4-д заасан хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан;

й) Үүрэгт ажлаа шударгаар биелүүлэх нь эргэлзээтэй болсон /их хэмжээний өр, зээлтэй  болох нь шүүхийн шийдвэр, банкны байгууллагын тодорхойлолтоор тогтоогдсон/;

к) Хөрөнгө, орлогын мэдүүлгийг хуулийн хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гаргаж өгөөгүй.

10.2. Албан үүргээ биелүүлээгүй гэдэгт үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлэх буюу үл биелүүлэх, иргэдийн өргөдөл, гомдол, хариутай бичгийн хугацааг удаа дараа хэтрүүлсэн болон онцгой чухал буюу хугацаатай үүрэг даалгаврыг хугацаанд нь биелүүлээгүйгээс байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагдахад хүргэсэн, эсвэл төрийн захиргааны албан тушаалтны ёс зүйн хэм хэмжээний дүрмийн заалтуудыг зөрчсөн тохиолдлуудыг ойлгоно.

10.3. Албан тушаалын бүрэн эрхээ хэтрүүлсэн гэдэгт санхүүгийн болон мэдээллийн эх үүсвэрийг хувийн зорилгоор ашиглах, албан тушаалын давуу талыг ашиглаж хээл хахууль авах, хуурамч бичиг баримт санаатайгаар үйлдэх, хувийн ашиг сонирхлоор бодит байдалтай нийцэхгүй дүгнэлт гаргах, төрийн албан хаагчийн нэрийн өмнөөс хувийн үзэл бодлоо илэрхийлэх болон бусад тохиолдлуудыг ойлгоно.

10.4. Журмын 8.1-д заасан зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан Төрийн албаны тухай хуулийн 26.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1-д заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулна.

10.5. Журмын 8.1-д заасан зөрчлийг давтан үйлдсэн болон онцгой чухал буюу хугацаатай үүрэг даалгаврыг хугацаанд нь биелүүлээгүйгээс байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагдахад хүргэсэн, хувийн ашиг сонирхлоор бодит байдалтай нийцэхгүй дүгнэлт гаргасан нь байгууллагын эрх ашигт нөлөөлсөн эсвэл төрийн захиргааны албан тушаалтны ёс зүйн хэм хэмжээний дүрмийн хэд хэдэн заалтуудыг нэгэн зэрэг зөрчсөн, албан тушаалын давуу талыг ашиглаж хээл хахууль авсан, хуурамч бичиг баримт санаатайгаар үйлдсэн төрийн албан хаагчид Төрийн албаны тухай хуулийн 26.1.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1.3-д заасны дагуу ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулна.

10.6. Хөрөнгө, орлогын мэдүүлгийг хугацаа хожимдуулж мэдүүлсэн, эсхүл бүртгүүлээгүй, санаатай худал мэдүүлснийг Авлигатай тэмцэх газраас тогтоосон бол албан хаагчийг албан тушаалаас нь халах үндэслэл болно.

10.7. Сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалгаж тогтоон энэ тухай баримт, үндэслэлийг зөрчил гаргасан албан хаагчид урьдчилан танилцуулна. Зөрчил гаргасан албан хаагч уг баримт материалтай танилцаад нэмэлт тайлбар хийх, дахин шалгалт явуулахыг шаардах эрхтэй.

10.8. Сахилгын шийтгэлийг харъяалах хэлтэс болон орлогч даргаас гаргасан үндэслэл, саналыг харгалзан Газрын даргын тушаалаар ногдуулна. Уг шийдвэрийг албан хаагчдад мэдэгдэх бөгөөд тушаалыг хувийн хэрэгт хавсаргаж, шаардлагатай гэж үзвэл хамт олонд мэдээлнэ.

10.9. Сахилгын шийтгэлийн хугацаа дуусмагц сахилгын шийтгэлгүйд тооцно.

10.10. Хөдөлмөрийн тухай хуулийн 132, 133-р зүйлд зааснаар эд хөрөнгийн бүрэн ба хязгаарлагдмал хариуцлага хүлээлгэнэ.

 

Арван нэг. Бусад

 

            11.1. Төрийн болон байгууллага, хувь хүний нууцыг хариуцдаг, эсхүл тэдгээр нууцтай албан үүргийн дагуу танилцсан албан тушаалтан уг нууцыг задруулах, хувийн зорилгоор ашиглахыг хориглох бөгөөд уг албан тушаалтан ажлын шугамаар олж мэдсэн нууцыг бусдад задруулахгүй байх үүрэгтэй.

 

            11.2. Газрын эрхлэх асуудлын хүрээнд байгууллага хоорондын харилцаа, бичиг хэргийн урсгал, өргөдөл гомдлын шийдвэрлэлт, архивын үйлчилгээ, байгууллагын нууцыг хамгаалах зэрэг асуудлыг холбогдох хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тогтоосон журмын дагуу зохион байгуулна.

 

            11.3. Энэхүү журмыг зөрчсөн, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил, үүрэг, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хангалтгүй биелүүлсэн төрийн албан хаагчид болон гэрээт ажилтанд энэхүү журам, хөдөлмөрийн тухай хууль болон бусад хууль тогтоомжинд заасны дагуу арга хэмжээ авна.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хавсралт  2

 

ЧӨЛӨӨНИЙ  ХУУДАС

 

Улаанбаатар хот                                      №                                         2015 оны .... сарын .... өдөр

 

 

 

Нийслэлийн Эрүүл мэндийн газарт  ..............................................................................................

............................................... ажилтай ....................................... овогтой ............................-д 20...........оны..........сарын...........-ны өдрөөс..........сарын..........-ны өдөр хүртэл.................................................................................................................................................................................................................шалтгааны улмаас ажлын...........өдөр.............цагийн чөлөө олгохыг зөвшөөрөв.

 

Чөлөө олгосон:

 

Дарга:  ...............................................

 

Орлогч дарга:  .................................................

 

Хэлтсийн дарга:  .................................................

 

.................................... хэлтэс:  .......................................

 

 

Хавсралт  2

ЧӨЛӨӨНИЙ  ХУУДАС

 

Улаанбаатар хот                               №                           2015 оны .... сарын .... өдөр

 

 

 

Нийслэлийн эрүүл мэндийн газарт................................................................................................................................................... ажилтай .................................. овогтой ............................-д 20...........оны..........сарын...........-ны өдрөөс..........сарын..........-ны өдөр хүртэл.................................................................................................................................................................................................................шалтгааны улмаас ажлын...........өдөр.............цагийн чөлөө олгохыг зөвшөөрөв.

 

Чөлөө олгосон:

 

Дарга:  ...............................................

 

Орлогч дарга:  .................................................

 

Хэлтсийн дарга:  .................................................

 

.................................... хэлтэс:  ......................................

Хавсралт 1

 

 

Тойрох хуудас

 

 

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын ____________________________________хэлтсийн_________________________________

__________________________________________албан тушаалдажиллаж байсан

 

________________________ овогтой __________________________ нь 20..... оны

 

..........сарын...........-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн тул

тооцоо  хийнэ үү.

 

Тооцоо хийх албан тушаалтан

Тооцоо хийсэн эсэх/тайлбар

Гарын үсэг

 

1.      

Албан хэрэг хөтлөлт хариуцсан мэргэжилтэн

 

 

2.      

Архивын мэргэжилтэн

 

 

3.      

Нярав

 

 

 

4.      

Ахлах нягтлан бодогч

 

 

 

5.      

Хуулийн зөвлөх

 

 

 

6.      

Хүний нөөц, эмнэлгийн мэргэжилтний ёс зүй хариуцсан мэргэжилтэн

 

 

Баталгаажуулсан албан тушаалтан

7.      

Хариуцсан хэлтсийн дарга

 

 

8.      

Захиргааны хэлтсийн дарга

 

 

 

Тооцооны хуудсыг цалингийн картанд хавсаргана.

 

Тооцоог ....... оны ....... сарын .......-нд дуусгав.

 

Тооцоо дуусгасан албан хаагч ......................................................(                                           )

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хавсралт-3

ЗӨВШӨӨРЛИЙН ХУУДАС

 

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын........................................................................ .......................хэлтсийн мэргэжилтэн .......................................................овогтой ........................................... нь ........ оны ........ сарын ....... өдөр .........цаг ....... минутаас ......... цаг .......... минут хүртэл ............................................................................................................... ........................................................................................................................................... ажлаар /ажлын цагаар/ ажиллах тул ажиллахыг зөвшөөрөв.

 

                                Хэлтсийн дарга:                                                 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хавсралт 4

 

ЭЭЛЖИЙН АМРАЛТЫН ТОДОРХОЙЛОЛТ

 

Улаанбаатар хот                               №             20......оны .... сарын .... өдөр

 

Нийслэлийн эрүүл мэндийн газарт  .................................................................................................

............................................................................................................................................ажилтай .................................. овогтой .............................-ний 2015 оны ээлжийн амралтыг  Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйл, Хөдөлмөрийн дотоод журмын 4.9, 4.10 дахь заалтуудын дагуу 2015 оны ..... сарын ...... өдрөөс эхлэн ..... сарын .... өдрийг хүртэл ажлын ........ хоногоор  биеэр эдлүүлэхийг  зөвшөөрөв.

 

Тодорхойлолт гаргасан:

       Хүний нөөц, эмнэлгийн мэргэжилтний

       ёс зүй хариуцсан мэргэжилтэн                                 ................................

 

 

 

Хянасан:

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗРЫН

                                       ДАРГА                                                            Ш.ЭНХБАТ         

 

 

 

 

 

 

МЭДЭГДЭХ ХУУДАС

 

Нийслэлийн Эрүүл мэндийн газарт...................................................................... ..........................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................албан тушаалтай .................................. овогтой .............................. таны 2015 оны ээлжийн амралтыг Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.5 дахь хэсэгт заасны дагуу ажлын ..... хоногоор тооцон 2015оны .... дугаар сарын .... өдрөөс .... дугаар сарын .... өдрийг хүртэл биеэр эдлүүлж байна. Та амрах хугацаандаа өөрийн утсыг нээлттэй байлгах, яаралтай үе гарсан тохиолдолд холбогдох өөрийн ойрын хүний нэр, утсыг үлдээнэ үү.  

 

Та 20.....оны .... дугаар сарын .... –ны өдөр ажилдаа орно.

 

 

Сайхан амраарай.

 

Мэдүүлэг өгсөн:

Мэдүүлэг хүлээн авсан: